Бага өртөгтэй тендерийн балаг

Хуучирсан мэдээ: 2016.06.28-нд нийтлэгдсэн

Бага өртөгтэй тендерийн балаг

Дахиад л бороо орох нь. Саяхан орсон борооны үеэр хоёр өдөржин замын хажуугийн шалбааг туулж, замаар ус цацлан давхисан машины бохир усанд будагдсан ууртай хүний үгийг энэ удаагийн “Хөндөх сэдэв”-ээр уншигчдадаа хүргэхээр шийдлээ. Усны хаялга, бохир усны шугам гэдэг зүйл сүүлийн жилүүдэд зам талбайн бүтээн байгуулалтаас ор тас хасагдсаныг Улаанбаатарын хаанаас ч харж болно.

Замыг стандартынх нь дагуу барьж,  усны  хаялга, суваг шуудуу татаагүйгээс ширүүхэн аадар 10-20 минут асгарахад л зам бүхэлдээ усанд автаж байна. Энэ бол дэндүү   харамсалтай, бас дэндүү гарзтай хэрэг. Хичнээн зуун км зам тавьж,  хичнээн их наядыг заманд зориуллаа ч  тэр бүх гавьяа үерийн устай хамт урсан одоход хүрч байна.

Уг нь бол хавар, зунд бороо шиг хэрэгтэй зүйл үгүй байтал илүү үзэн адалж байгаа маань замын хаялгагүйн харгай. Хэрвээ Улаанбаатар Токио Сөүл шиг борооны улиралтай, тэр нь сар сараар үргэлжилдэг байсан бол аль хэдийнээ үерт автаж, зам талбай нь хавтан хавтангаараа салж урсах байлаа. Үүлгүй тэнгэрээс ч гэнэт бороо  асгардаг зүүн өмнөд Азийн улс орнуудад замаасаа илүү ус зайлуулах байгууламжаа торддог юм билээ. Тиймдээ ч асгаран буусан их хур хаачсан нь мэдэгдэхгүй алга болдог. Улаанбаатарт ч тийм байх боломжтой. Зам тавихаасаа өмнө ус зайлуулах байгууламжаа бий болгож гэмээнэ  автозам урт настай, оршин суугчид ч амар амгалан байх билээ.

Нөгөөтэйгүүр зам болгон хийц бүтээц, газар орны байдал, зах зээлийн хол ойр, материалын олдоц зэргээсээ хамаараад газар болгонд  харилцан адилгүй үнээр босдог онцлогтой. Улаанбаатар хотын баруун, зүүн захад хүртэл газрын хөрсний бүтэц тэс өмнөө байдаг гэнэ.   Гэтэл үүнийг нь улсын хэмжээнд нэг км замын үнэлгээ  тогтоогоод тэгшитгэн мөрдөж байгаа нь чанаргүй замын эхлэл ажээ. Замын компаниуд ч төсвөө хэмнэх үүднээс  хамгийн түрүүн усны хаялгыг ор тас хасах гол шалтгаан хүрэлцээгүй төсөв. Зам болгон харилцан адилгүй өртөгтэй байтал бүгдийг нэг адил төсвөөр хийж гүйцэтгүүлж байгаа гажгийг нэн түрүүн засах хэрэгтэй гэж замын инженерүүд сануулж байна.

Зөвхөн Монголд л байдаг бас нэгэн гаж үзэгдэл бол бага үнэтэй тендерийн шалгаруулалт. Төсөв мөнгө хэмнэх нэрээр хамгийн бага үнэтэй тендерийг шалгаруулж байгаа нь  замын чанарт шууд нөлөөлж байгаа юм. Зөвхөн замын ажлын шалгаруулалт гэлтгүй бүх төрлийн бүтээн байгуулалтаас хямд үнийн амлалтыг халахгүйгээр чанарын тухай ярих боломжгүй билээ. Бага өртөгтэй тендерийн балаг  эцсийн хэрэглэгч буюу борчуудын амьдралд илүүтэй мэдрэгдсээр байна.  

“Харах өнцөг”-ийнхөө төгсгөлд уншигч танд дуулгах нэгэн сонирхолтой мэдээ байна. Тогтоол ус туучин байж зам гарах зүдэрч буй явган зорчигчдыг шалбаагт булхаад зугтан оддог онгироо жолооч нарын хандыг хага дарах боломж танд бий гэнэ шүү.  Бэл хөрөнгөтэй ч оюуны бядгүй тэдгээр жолооч нарын тухай мэдээллийг  Замын цагдаагийн газрын 93021124 болон 124 тоот утсаар мэдэгдэж, хариуцлага тооцуулж болох нь.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж