ОХУ-ын терроризмтэй тэмцэх хэлтсийнхэн “Бур” нэртэй хамгийн жижиг, хамгийн хөнгөн гранатаметтэй болжээ. ОХУ-ын армийн зэвсэглэлд ороод удаагүй байгаа энэ зэвсэг хүн ам шигүү суурьшсан хот газарт хэрэглэхэд тохиромжтой гэж шинжээчид ам сайтай байна.
“Зэвсгийг бүтээгчдийн өмнө ямар ч цаг хугацаанд, ойрын зайн тулаанд хэрэглэж болох хамгийн хөнгөн гранатаметийг бүтээх зорилго байсан. Хүчний байгууллагынхан туршиж үзсэний эцэст зэвсэглэлд оруулахаар шийдсэн” хэмээн “Бур”-ийг бүтээсэн Тула хотын Зохион бүтээх товчооны төлөөлөгч Известия сонинд ярьжээ.
Цэргийн зэвсэг техникийн сэдвээр дагнан бичдэг “Арсенал отечества” сэтгүүлийн ерөнхий редактор Виктор Мураховскийн хэлснээр өмнө нь Оросын армийн зэвсэглэлийн түүхэнд үүнтэй ижил төстэй зэвсэг байгаагүй ажээ. Түүний үзэж байгаагаар “Бур”-ыг террористуудын эсрэг ажиллагаанд ашиглахад нэн тохиромжтой юм.
“Хотод болон хүн ам шигүү суурьшсан хэсэгт явган цэргийн ажиллагааг хүнд төхөөрөмж тэр болгон дэмжиж чаддаггүй, харин одоо энэ тал дээр “Бур”-тэй өрсөлдөгч байхгүй” хэмээн тэр хэлжээ. Саяхныг хүртэл ОХУ-ын Батлан хамгаалах яам болон бусад хүчний байгууллага ийм системийг үр ашигтай гэж төдийлөн тооцохгүй байсан юм. Харин туршилтын дараа санаа бодол нь өөрчлөгдсөн ажээ.
А.ШАРАВ