“Ц.Цогзолмаа бол Э.Оюун, Д.Мөнхөө, Т.Ганди нарын залгамж халаа болсон бэлтгэгдсэн улстөрч эмэгтэйчүүдийн төлөөлөл юм” гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодотгосон удаатай.
Улс төрд бэлтгэгдэнэ гэдэг цүнх барьж гүйхийг хэлдэггүй. Хэдэн арван жилээр төрийн ажилд нухлагдаж, зэрэгцүүлээд улс төрийн ажилд зүтгэн хат суухыг хэлдэг. Тийм улстөрч бүсгүйчүүдийн нэг нь УИХ-ын сонгуулийн 62 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа Ц.Цогзолмаа юм.
Унаган мэргэжил нь багш. Хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургуульд зургаан жил суралцан, 1992 онд багш мэргэжлээр төгссөн байдаг.
Монгол Улсын Их сургуулийн Ховд дахь салбараас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн, Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн, Ховд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Монголын скаутын холбооны хөтөлбөрийн дарга, Олон Улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч, Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга, Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор ажилласан бол 2014 оноос Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Нам нь түүнийг бэлтгэгдсэн боловсон хүчин гэж үзэн УИХ-ын сонгуулийн 62-р тойрог буюу Сүхбаатар, Багануур дүүрэгт нэр дэвшүүлсэн юм. Өмнө нь Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан учраас иргэд, сонгогчид нь танихгүйн зовлонгүй, жаргал зовлонгоо хуваалцаад их өөриймсөг уулзалтууд болж өнгөрч байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа тэрбээр орон гэргүй 20 иргэнийг гэртэй болгосон, эл ажлыг иргэд мартаагүй “20 айлын амьдрал босоод ирсэн дээ” гэж ярьцгааж сууна.
Ер нь Засаг даргаар ажилласан хүн хууль тогтоох байгууллагад сонгогдох нь зөв жишиг байдаг. УИХ-д мэргэжлийн хуульчид бий, гэхдээ амьдрал мэддэг, мэдэрдэг нь гарын таван хуруунд багтана. Батлагдаад удаагүй хуулиуд Цэц дээр очоод “Үндсэн хууль зөрчсөн” гэж унах, эс бөгөөс өөрчлөгдөх болдог нь амьдралд хэрэгжих бололцоогүй хууль батлагдсантай л холбоотой байдаг. Хууль тогтоогчид энэ алдаагаа өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг.
Аймаг, дүүргийн Засаг даргаар ажиллана гэдэг нь УИХ-д ажиллах бэлтгэлээ хангасан байдаг учраас хууль тогтоогчид өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрдөг.
Хууль тогтоох байгууллагад амьдрал мэдэх хүн сонгогдоосой гэсэн олон нийтийн хүсэл ч бий.
Нэр дэвшигч Ц.Цогзолмаа иргэдийн энэхүү хүслийн төлөөлөл болж чадна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа тэрбээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Нэг цонхны үйлчилгээг бий болгосон нь одоо орон даяар нэвтэрч, улам төгөлдөр болсон байна. Итгэл хүлээлгэхэд тэрхүү сэтгэлийг даагаад ажиллах Монголын эмэгтэйчүүдийн манлайлал болсон цөөхөн хүний нэг.
Сонгуулийн сурталчилгааны хугацаандаа давхардсан тоогоор нийт 40 гаруй уулзалт хийж, “Гараас гарт, хаалганаас хаалганд ” гэсэн зарчмаар гэр хорооллын айл өрхүүдэд ухуулга сурталчилгааны ажлаа хийж, өөрийн биеэр 8000 гаруй иргэд сонгогчидтой нүүр тулан уулзаж санал бодлыг хуваалцсан байна. Энэ бол дайчин, шаргуу, хөдөлмөрч улстөрчийн ажлын нэг үнэлэмж болов уу.
Эх сурвалж УИХ-ын сонгуулийн 62 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Цогзолмаагийн сонгуулийн штаб