УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр дуусгавар болно. Тиймээс УИХ-ын 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхорол сурталчилгааны үеийн хаалтын уулзалтуудаа хийж байгаа билээ. Завхан аймгаас гурван удаа иргэдийн сонголтоор УИХ-ын гишүүнээр ажилласан түүний хувьд намынхаа даалгавар, итгэлийг хүлээн энэ жил нийслэлийн Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт нэр дэвшиж байна.
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нэр дэвшигч Д.Оюунхорол 70 орчим уулзалтаар давхардсан тоогоор 15 мянга гаруй сонгогчтой уулзаад байгаа билээ. Орон нутгийн, бүр багийн хөгжлөөс хол орхигдоо юу гэлтэй тус тойргийн иргэд энэ удаа АНдуурсан сонголтоо өөрчилж, МАНдуулахаар болоод байгаагаа уулзалт бүрт хэлж байсан. Учир нь өнгөрсөн хугацаанд сонгогдон ажилласан парламент дахь гишүүд нь Баянзүрхчүүдийг ёстой л үнсэнд хаясан шалз шиг хаяж, мартсан гэнэ. Тиймээс л 4-5 жил засмал зам байтугай цахилгаангүй, өөрийн гэсэн газрын эзэмшилгүйгээр өнөөг хүргэсэн тухайгаа гомдоллож байсан юм. УИХ-ын энэ удаагийн сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь амьдралд ойр, хөрсөнд буулгахад итгэж болохоор байгаа төдийгүй өмнө нь хийж, бүтээж сурсан дадлага, туршлагатай улстөрчөө илгээсэнд бүр ч олзуурхаж буйгаа илэрхийллээ. "Угаас хүний уучин, дээлийн шинэ" гэдэг үг ч бий. Дэд бүтэц, төрийн үйл ажиллагаанаас алслагдсан, хоцрогдсон Баянзүрхчүүд нэр дэвшигч Д.Оюунхорол ялалт байгуулаад, ханцуй шамлан ажилдаа орно гэдэгт итгэж байгаа юм. Түүнчлэн өмнөх уулзалтуудад оролцсон зарим иргэн сурталчилгааны хаалтаас өмнө уулзахаар, өөрийн саналаа хэлэхээр ирсэн байсан. Тухайлбал иргэн Д.Тэрбиш “Таны талаар явагдаж буй ташаа мэдээллийн эсрэг хариу өгч болох уу. Сонгогчид чинь гэрчилнэ шүү. Зоригтой байгаарай” хэмээн захиж байлаа. Мөн “Үг үнэндээ хатуу, худалдаа гоё" байдаг. Тиймдээ ч Д.Оюунхоролын хувьд бусдад үнэн үг хэлж, хатуу үг сонсгож байдагт нь талархаж явдаг. Сэтгэлдээ ухааралтай, зүрхэндээ хайр агуулж явдаг учраас үйл бүхэн нь зөв байдаг гэж итгэдэг. Буруу зүгийн салхинаас бусдыг хамгаалах, өргөн хорвоог хэлтийхэд өрөөлийг түших сэтгэлтэй явдагт тань баярлаж явдаг тул УИХ-ын сонгуульд таныг дэмжин саналаа өгнө хэмээн сэтгэлийг үгээ дайсан.
Нэр дэвшигчийн хувьд энэ удаагийн сонгууль нэлээд хүнд байна гэж бодож байсан. Яг л түүгээр болж байна. Худал, хуурмаг, булхай, луйвар гээд янз бүрийн хүмүүсийг хараар будах Пи-Ар-ын төлөвлөгөөнүүд сүүлийн өдрүүдэд эрчимжиж, өнөөдөр ч гэсэн үргэлжлэхээр байна. Ямартай ч бидний зүгээс хуулийн аль нэг заалтыг зөрчсөн үйлдэл хийгээгүйгээр сурталчилгааны хугацаагаа дуусгаж байна. Хэн нэгэнд эд зүйл тарааж, бусдыг бөөнөөр нь зөөж, нүүлгэх арга хэмжээ аваагүй. Сонгогчид өөрсдийн сонголтоо хийнэ. Ингэхдээ эх орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө эрх ашгаа эрэмбэлэн саналаа өгнө гэдэгт итгэлтэй байна гэдгээ ч дуулгасан юм.
Уулзалтад оролцогчид сонгуулийн санал хураалтаас хойш ялалтын мэдээ сонсож, Баянзүрхчүүдээ төлөөлж, төрд итгэлтэй хүнтэй болно гэдэгт итгэл төгс буйгаа хэлсээр байна.
Эх сурвалж: УИХ-ын 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штаб