УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: УЛС ТӨРД БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЭД ОРГИЛ
Би Оюунхорол гишүүнтэй гурван удаа парламентад хамт байлаа. Энэ хугацаанд өөрийнхөөрөө байж хоёргүй сэтгэлээр төрийн төлөө зүтгэсэн эмэгтэйчүүдийн нэг бол яалт ч үгүй Оюунхорол. Улс төрчийн хувьд шударга, хэлье гэснээ хэлчихдэг, аливаа дур зоргоороо авирлаад байгаа зарим хүмүүст тийм байж болохгүй гэж шулуухан хэлж чаддаг. Улс төрд байгаа эмэгтэйчүүдийн дээд оргил нь Оюунхорол юм шүү дээ. Тэр ч утгаараа намаасаа 2013 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан. Уг нь Их хуралд Оюунхорол дайны 10-20 эмэгтэй байвал их зүгээр гэдэг миний далд бодол бий. Яагаад гэвэл эмэгтэйчүүд эрчүүд шиг хариуцлага алддаггүй, ил далд хуйвалдаанд оролцдоггүй. Ийм л төрийн хүнд байх зайлшгүй чанартай хүн дээ.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: АЛТ ШИГ ШИГШИГДСЭН УЛС ТӨРЧ
Улс төрд эмэгтэйчүүд алт шиг шигшигдэж үлддэг гэж боддог юм. Тийм хүмүүсийн нэг нь Д.Оюунхорол гишүүн. Алс баруун хязгаар Завхан аймагт дөрвөн удаа нэр дэвшиж, гурван удаа сонгогдон амжилттай яваа түүн шиг эмэгтэй улстөрч тун цөөхөн л дөө. Энэ нь Оюунхоролын хэд хэдэн чанартай холбоотой. Тэр их дайчин хүн шүү. Зорилгодоо хүрэхийн тулд ажилладаг, тэмцдэг, ухарч няцдаггүй, тууштай байх чанар бол улстөрч хүнд үнэхээр чухал. Оюунхоролд ард түмнээ гэсэн сэтгэл шингэсэн байдаг. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах, олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмжийг нэмэх, тэднийг төрөөс тусгайлан харж үзэх, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх зэрэг цаанаа л нэг хүний сэтгэл шингэсэн санаачилга гаргаж, хууль батлуулах гэж хөөцөлдөж ирсэн түшээ. Өөрийг нь сонгосон хүмүүсийнхээ захиа даалгаврыг биелүүлж ажиллана гэдэг бол төрийн түшээ хүний том хариуцлага юм.
МУ-ын Ардын жүжигчин П.Цэрэндагва: ЗАВХАН НУТГИЙН ХҮМҮҮСИЙН УХААНЫГ ТЭЭЖ ТЭВЭРЧ, ҮҮРЧ ДҮҮРЧ ЯВДАГ ХҮН
Завхан нутаг сайхан нутаг, замын хүн саатмаар нутаг гэсэн Монголчуудын сайн мэддэг үг байдаг. Чухамхүү энэ үгний утга учир байгалийн сайхныг нь хэлэхээсээ гадна тэнд байгаа оюуны их нөөц, хүч бололцооны тухай хэлж байгаа үг юм болов уу гэж би боддог. Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр Монгол төр, монгол оршин тогтнохын яг эгзэгтэй зааг үе дээр энэ нутгийн хүмүүс төр түшилцэж, авч явсан байх нь ажиглагддаг. Тэгэхээр төр түшилцэж байгаа хүмүүсийг зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр гаргаж ирдэг юм биш ээ. Олон талаас нь хардаг, судалдаг, ярьдаг, ойлгодог. Ийм шалгуур давж ирсэн хүмүүс л төрд зүтгэх нь зөв юм болов уу.
Оюунхорол бол Завханыхны бүтээгдэхүүн юм. Би нутаг усных нь хүн ч биш, нэг сургууль төгссөн хүн ч биш. Зүгээр л улс төрийн талаар ийм бодолтой хүний хувьд харахад энэ эмэгтэй өөрийн бодолтой, тэр бодлоо хэрэгжүүлэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг хүн. Ерөөсөө уулзаж учирч байгаагүй ч хийж байгаа үйл, хэлж байгаа үгээрээ үүнийгээ батлан харуулдаг. Завханыхан зүгээр ч нэг хүн сонгоод явуулчихаагүй юм байна гэдгийг өнгөрсөн 4 жил, тэрний өмнөх жилүүдэд хийсэн ажлуудаас нь хараад надтай надгүй сонгогчид мэдэж байгаа. Тэдгээрийг харахад хүнд үнэхээр итгээд ажил хариуцуулаад өгчихвөл түүнийгээ үүрээд дүүрээд, ажлынхаа үр дүнг олон түмэндээ харуулчих тэнхэлтэй. Жишээ нь, маш их будлиантай газрын асуудлыг шийдэж Зайсангийн иргэдийн газрыг өөрсдөд нь өгүүлчихэж байгаагаас харж болж байна.
Завхан нутгийн төрд зүтгэсэн хүмүүсийг эргэж харахад маш их онцгой цаг үеүдэд Монголын төрийн төлөө оюунаа ширгээж, чөмгөө дундлан зүтгэж явсан нь ажиглагдаад байдаг. Жишээлбэл Монголын 3 төрд зүтгэсэн Их номч Самади багш Жалханз хутагт Дамдинбазар байна. Энэ хүнээс өмнө ч, дараа нь ч олон хүн тэр эгзэгтэй үеүдэд төр түшилцэж явсныг сонирхохгүй байхын аргагүй. Тэр нутгийн хүмүүсийн ухааныг тээж тэвэрч, үүрч дүүрч явдаг хүн бол энэ эмэгтэй мөнөөсөө мөн.
Монгол Улсын төрийн соёрхолт дуучин Д.Болд: ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЗҮЙЛТЭЙ, ЗАЛУУ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮН
Би улс төрчдийг хийсэн, бүтээснээс нь гадна хувь хүн талаас нь харахыг хичээдэг. Эмэгтэй улс төрчдийн дундаас би хувьдаа Д.Оюунхорол гишүүнийг дэмждэг. Хийсэн бүтээсэн зүйлтэй, залуу сэтгэлгээтэй хүн. Залуучуудыгаа сонгуульд идэвхтэй оролцож, өөрсдийнхөө ирээдүйн төлөө зөв сонголт хийгээрэй гэж уриалмаар байна.
Монгол Улсын Гавьяат жүжигчин, СУИС-ийн багш Д.Чаминчулуун: УЛС ТӨРИЙН ХАТ СУУСАН, НЭР ЦЭВЭР УЛС ТӨРЧ
Та бүхэнтэй чин сэтгэлийн зүрхний угаасаа өөрийнхөө үзэл бодлыг хуваалцах болсондоо маш их баяртай байна. Хүрд эргүүлэх боломж гарлаа. “Хуурамч ардчилал дарангуйллаас аймшигтай” гэж нэг ухаантай хүн хэлсэн байдаг. Ардчилал гараад ирсэн нь сайхан. Гэхдээ ардчилал ард түмэн бидний оюун санаанд өөрчлөлт хийж чадалгүй гарч ирсэн нь дэндүү харамсалтай. Тийм ч учраас бидний амьдрал өнөөдөр ямар байгаа нь бүх ард түмний, бүх хүмүүсийн нүдэнд ил байгаа.
Би БЗД-ийн 1-р хороонд хорь гаруй жил амьдарч байна. Улс төрийн хат суусан, нэр цэвэр улс төрч Оюунхорол гишүүн манай дүүрэгт нэр дэвшиж байгаад маш их баяртай байна. Би Д.Оюунхорол гишүүнээ дэмжинэ, МАН-ыг сонгоно. Энэ нам бидний ирээдүйг, бидний эх орныг аварна гэдэгт би эргэлзэхгүй байна. Надтай санал нэгтэй олон хүн байгаа гэдэгт итгэж байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг: ХҮНИЙГ СОНСОЖ ЧАДАЖ БАЙНА ГЭДЭГ НЬ АЖЛЫГ ТӨЛӨВЛӨЖ, ШИЙДЭЖ ЧАДДАГ ЧАНАРЫН ИЛРЭЛ
Би урлагийн хүн болохоор урлагт ээлтэй, урлагийн салбар руу хандсан тодорхой бодлоготой улс төрчдийг дэмждэг. Миний хүндэлж, баярлаж, талархаж явдаг улстөрч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол энэ жилийн сонгуульд манай дүүрэгт нэр дэвшиж байна. Миний бие Монголд балетийн урлагийг хөгжүүлэх, Азийн хэмжээний балетийн сургуулийг эх орондоо байгуулахаар зорьж яваа. Энэ хүсэл зорилго, ажлыг минь хамгийн түрүүн сайшаан дэмжсэн хүн бол Д.Оюунхорол гишүүн байлаа. Сайдаар ажиллаж байхад нь цаг аваад өрөөнд нь уулзаж байсан. Намайг цаг гаргаж чин сэтгэлээсээ сонссон. Хүнийг сонсож чадаж байна гэдэг нь ажлыг төлөвлөж, шийдэж чаддаг чанарын илрэл гэж би ойлгодог. Ингээд миний сургуулиа барих газрын асуудлыг шийдэж өгсөн. Д.Оюунхорол гишүүн төлөвшсөн, шийдэмгий бас их залуу сэтгэлгээтэй, эрч хүчтэй хүн. Түүнд баянзүрх дүүргийн маань иргэд итгэл хүлээлгэж ихийг бүтээлгэнэ гэдэгт би итгэлтэй байна.
Төрийн шагналт, хүний гавьяат эмч АУ-ны доктор, профессор Д.Нямсүрэн: ХАТ СУУСАН, НОЁН НУРУУТАЙ УЛС ТӨРЧ ЭМЭГТЭЙ
Д.Оюунхорол гишүүнийг би аав, ээжээс нь эхлээд мэдэх юм. Аав, ээж нь ажилсаг, хүнтэй нийцтэй, их тусархуу хүмүүс. Энэ чанар нь өвлөгдөж дээ гэж би хардаг юм. Д.Оюунхорол бол сайн бэлтгэгдсэн, хат суусан, улс төрийн ноён нуруутай улс төрч эмэгтэй. Мөн боловсролын салбарт хувийн хэвшлийн анхны их сургууль байгуулан амжилттай ажилласан. Үүнд олон мянган хүүхдүүд сураад, боловсроод, хөгжөөд, Монголын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа. Эх хүний хувьд ээжүүд, настан буурлуудад ихээхэн анхаарал хандуулж өөрийн оюун бодлыг чилээн улс төрийн олон цонхоор харж, шийдвэрлүүлж явааг хараад би хувьдаа талархаж явдаг юм.
ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын сонгуулийн штаб