Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүн нарын уулзалтыг өндөрлөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин залгуулаад БНХАУ-д айлчилсан юм.
Энэхүү айлчлалын явцад хэд хэдэн гэрээг баталгаажуулснаас гадна шинэ гэрээ, хэлэлцээрүүдийг дэд бүтэц, тээвэрлэлтийн чиглэлд байгуулжээ. Үүнд:
Хятадын компаниудад Оросын компаниудын хувьцааг худалдах, Оросын томоохон газрын тос үйлдвэрлэгч Рознефтийн 40 хувийн хувьцааг Хятадын Үндэсний Химийн Корпораци (Chemchina)-д худалдахаар болсон бөгөөд уг гэрээний дагуу оросын тал 2,4 сая тонн боловсруулаагүй газрын тосыг жилийн хугацаанд нийлүүлэхээр болсон юм.
Өнгөрөгч тавдугаар сард 400 тэрбум долларын байгалийн хийг нийлүүлэх гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан. Энэ гэрээний дагуу Орос 38 тэрбум куб метр байгалийн хийг 2018 оноос эхлэн 30 жилийн турш, жил тутамд нийлүүлэхээр болсон юм. Хятад Сибирийн эрчим хүч-1 хэмээх байгалийн хийг баруун хэсгээр дамжуулах хоолойн бүтээн байгуулах ажлаа аль хэдийн эхлүүлсэн аж. Мөн түүнчлэн хоёр тал Сибирийн эрчим хүч-2 хэмээх зүүн хэсгийн нэмэлт байгалийн хийг дамжуулах шугамын хоолойг бүтээн байгуулах тал дээр ажиллаж байгаа аж. Өнгөрсөн жил энэ асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан. Энэ гэрээ хэрэгжвэл Хятад нь Оросын байгалийн хийн хамгийн том хэрэглэгч улс болох бөгөөд жил бүр 68 тэрбум куб метр импортлох аж.
Хоёр тал нийт 300 зорчигч тээвэрлэх хүчин чадал бүхий онгоцыг ажиллуулах тал дээр санал нийлсэн бөгөөд энэхүү онгоц нь Airbus, Boeing-той өрсөлдөхүйц хүчин чадалтай, хоёр улсын аль нэгний эзэмшлийн бус байх юм.
Мөн түүнчлэн ирэх 2020 онд ашиглалтанд орох,Москва болон Казаны чиглэлд 770 км урт гал тэрэгний хурдны замыг нийт 15 тэрбум долларын төсөвтэйгөөр хоёр талаас барих ажилд гарын үсэг зурав. Энэхүү галт тэрэгний зам нь цаашид Хятад хүртэл баригдах бөгөөд Москва-Бээжин, Бээжин-Казакстан чиглэлд өргөжих юм. Москва-Бээжингийн чиглэлд явах галт тэрэгний замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудал энэ жилийн эцсээр тодорхой болох аж.
Энэ удаа хоёр улс гадаад хүчин зүйлсийн хамаарлаа бууруулахын тулд хоёр тал хоорондын төлбөр тооцоог өөрсдийн мөнгөн тэмдэгтээр хийж байхаар мөн тохиролцсон байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин Хятадын Шинхуа агентлагт өгсөн ярилцлагандаа хятадын ерөнхийлөгч Си Жинь Пинийг “Тэр бол маш сайн найз бөгөөд найдвартай хамтрагч” хэмээгээд, “хоёр орны худалдааны эргэлт буурсан нь түр зуурынх юм, оросын эрчим хүчний зах зээлд өсөн нэмэгдэж буй Хятадын байр суурийг таатай хүлээж авч байгаа.” гэв.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: RUSSIA TODAY