Сонгууль болох өдөр буюу энэ сарын 29-ны өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй гэдгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байна. Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт тавьж ажиллах юм. Үүнээс гадна олныг хамарсан урлаг, спорт гээд бүх арга хэмжээ зохион байгуулах боломжгүйг мэдээллээ. Энэ өдрүүдэд олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах эрх олгохгүй юм байна.
Мөн иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор зургадугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилжээ. Энэ өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй юм байна. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүдийн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу зургадугаар сарын 29-ний өдөр рүү шилжүүлжээ.
Б.ЗАЯА