УИХ-ын сонгуулийн 40 дүгээр тойрог /Хэнтий аймаг/-т Иргэний Зориг Ногоон Нам /ИЗНН/-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Г.Батболд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд сурталчилгаагаа хийж чадаагүй аж. Сурталчилгааных нь материалыг тарваганы нүхэнд аваачиж хийсэн, иргэд, сонгогчидтой уулзалт хийе гэхэд заал бэлэн болгож өгөөгүй. Дээр нь Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа М.Хүдэрбаатарын талаас “Г.Батболд УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй” гэдэг ташаа мэдээллийг олон нийтийн дунд тарааж, төөрөгдүүлсэн аж.
Мөн тус тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Г.Батболд баас, шээсээр нь дуудсан гэж гүтгэсэн. Түүгээр барахгүй түүнийг энэ үгийг хэлсэн баримт нь нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн штабт байгаа гэх мэтчилэн яриа түгээсэн. Иймээс нэр дэвшигч Г.Батболд нь тус сонгуулийн штабынханд хандаж, бичлэгээ үзүүлэхийг шаардсан ч байгаагүй гэнэ.
Түүнчлэн нэр дэвшигч Г.Батболдыг Дэлгэрхаан суманд ажиллахдаа шадар туслах О.Болормаагаар дамжуулан сурталчилгааны материал дундаа 30 мянган төгрөг хавчуулж иргэдэд тараасан гэх зэргээр гүтгэсэн. Иймээс Г.Батболд “Шударгаар өрсөлдөх ёстой атал янз бүрийн байдлаар худал цуу тарааж, иргэд, сонгогчдын сэтгэл санааг үймүүлж, хууль бус зүйлийг хийсэн мэтээр харуулахыг оролдож байгаагаа зогсоохыг шаардаж байна” гэлээ.
ИЗНН-ын хувьд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцож байгаа. Гэтэл эрх баригч намын зүгээс нэр дэвшигчийг нь янз бүрээр харлуулах, мөн намыг нь уусгах зэрэг бодлого барьж ажиллаж байгаа учраас тэр бүхэнтэй тэмцэж ажиллах шаардлага тулгарч байгаа гэдгээ мөн тодотголоо.
Г.ДАРЬ