Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ тавдугаар сарын 24-ний өдөр завьтай аялалд гараад сураггүй алга болсныг ОБЕГ-аас мэдээлж байна. Тэрбээр хамгийн сүүлд зургадугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” гэдэг газарт явж байснаас хойш сураг алдарчээ. Гадаадын иргэн алга болсон тухай дуудлагыг зургадугаар сарын 21-ний өдрийн 14.20 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт анх өгсөн байна. ОБГ-ын алба хаагчид Дэлгэрмөрөний “Хилэнт”-ийн гүүрнээс Тариалан сумын Сэлэнгэ багийн нутаг “Нүхтийн үзүүр” хүртэл нийт 300 км усаар урсаж, эрэл зохион байгуулсан ч гадаад иргэний сураг гараагүй аж. Их-Уул сумын Мандал багийн нутаг “Цагаан хад” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд завьтай урсаж явсныг тус багийн малчин М малаа дурандаж байгаад харсан, мөн 10-аад хоногийн өмнө Их-Уул сумын “Бага-Ацийн” бирвааз дээр иргэн Б-тай уулзаад явсан тухай мэдээлэл байгаа ч баттай мэдээлэл, үр дүн гараагүй байна.
Одоогоор эрэл Булган аймагт үргэлжилж байна.
Д.ЦЭЭЛ