Монгол Улс бүхэлдээ улс төрөөр амьсгалж, сонгуульдаж байх хойгуур эдийн засагт сайн мэдээнүүд дуулдаж байна. Дэлхийн зах зээл болон Хятадын эдийн засгийн саармагжилт, дотоодын улс төрийн бодлогын алдаанаас үүдэлтэй Монголын эдийн засаг хүндрээд удаж байгаа юм. Эдийн засгийн хямралаас гарахын тулд хөрөнгө оруулалтыг татах, долларыг дотогшлох урсгалыг сэргээх, уул уурхайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгаа солонгоруулах гээд олон бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, нөгөө талаас мега төслүүдээ хөдөлгөн эдийн засгаа дэмжих бодлогыг Засгийн газраас барьж буй. Ингээд эдийн засаг дахь сайн мэдээнүүдийг хүргэе.
Төгрөг чангарч эхэллээ
Гуравдугаар сард 2055 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш сонгуулийн сар эхэлснээс хойш бага, багаар уруудсаар өнөөдрийн байдлаар 1930 буюу 125 төгрөгөөр буурчээ. Өөрөөр хэлбэл, долларын ханш хоёрдугаар улиралд 4.4 хувиар чангараад байгааг Монголбанкны Зах зээлийн газрын захирал Ж.Батаа тодотгов. Үүнийг улирлын нөлөөллөөс гадна Засгийн газар 500 сая ам.долларын бонд, 250 сая ам.долларын синдикат зээлийг татаж, дотоодын валютын захын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, валютын захад оролцогчдын хүлээлтэд нөлөөлснөөр тайлбарлаж байна. “Найман шарга” валютын зах болон арилжааны банкуудад нэг ам.долларыг 1945 төргөрөөр худалдан авч 1948 төгрөгөөр арилжиж байсан бол өнөөдөр 1930 төгрөгтэй тэнцэж байна. Ийнхүү сүүлийн сард долларын ханш тасралтгүй уруудаж буй юм.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт өрнөж байна
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Тавдугаар сарын сүүлээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах гарааны мөнгө “Рио Тинто”-гийн дансанд орж ирсэн байна. Оюутолгойн алт, зэсийн ордын 80 хувь нь далд уурхайгаас олборлох аж.
Тавантолгойн цахилгаан станцын гэрээг үзэглэв
Өнгөрсөн Баасан гаригт Тавантолгойн цахилгаан станцын гэрээг Монголын Засгийн газар, Японы “Марубени” компанитай байгуулав. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь нэг тэрбум ам.доллар, үүнээс 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, 70 хувь нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас татсан зээлийн эх үүсвэр байх гэнэ. Тавантолгой цахилгаан станц нь 450 МВт-ын хүчин чадалтай байх бөгөөд Монгол Улсын анхны бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч буюу “Independent Power Producer (IPP)” төсөл. Оюутолгойгоос эрчим хүчний импортод жил бүр төлж буй 200 сая ам.долларын эх үүсвэрийг дотоодын эдийн засагт шингээх, улмаар цахилгаан эрчим хүч импортлогч бус экспортлогч орон болох эхлэл тавигдаж байгааг Монгол Улсын сайд М.Энхсайхан онцолж буй.
Дэлхийн эдийн засагт түүхий эдийн үнэ сэргэж байна
Гадаад эдийн засаг дахь түүхий эдийн үнэд сэргэлтийн шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлснийг эдийн засагчид дуулгах болсон. Оны эхнээс төмрийн хүдрийн үнэ 15.9 хувь, зэсийн үнэ 0.3 хувь, алтны үнэ 20.2 хувиар тус тус өсөөд байгаа юм. Цаашдаа Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурд 2017 оноос эхлэн эргэн сэргэж, 2020 он гэхэд 10 хувиас дээш өсөлттэй байхаар Олон улсын валютын сан таамаглаж байна.
Б.ХОНГОР