Богд уулын Баруун ширээт хүрэх аяллын замыг засч байна

Хуучирсан мэдээ: 2016.06.27-нд нийтлэгдсэн

Богд уулын Баруун ширээт хүрэх аяллын замыг засч байна

Богд хан уулын Баруун ширээтийг явган аялагчид андахгүй. Зайсангийн амнаас дээш 3-4 км өгсөхөд Баруун ширээт хэмээх ширээ шиг тэгш талбай угтана. Тэнд аялагчид, хүүхэд багачууд, залуус анги хамт олноороо цуглан эрүүл агаарт амарч зугаалах нь бий. Тэгвэл Зайсангаас Баруун ширээт орох аяллын замыг засч эхэлжээ.

Өдөрт дунджаар 1000 гаруй явган аялагч зорчдог 3,6 км урттай Баруун ширээтийн чиглэлийн замд түр амрах цэгүүд, замын тэмдэг тэмдэглэгээ хийж, үзэх зүйлсийн тайлбарыг хийж байгаа ажээ. Зарим бартаатай хэсэгт хашилт, гүүр тавих гэнэ. Ингэснээр тухайн орчны экосистемд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулж, хөрсний элэгдлээс сэргийлэхийн зэрэгцээ аялагчдын аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл танилцуулж байна.

2015 оны байдлаар хот орчмын Богд хан уул, Горхи-Тэрэлжийн амралт, аялал жуулчлалын бүсэд аялагч, жуулчид төөрснөөс болж 300 гаруй эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан бөгөөд аялагчид гэмтэж бэртэх явдал ч цөөнгүй гардаг байсан юм. Тиймээс Зайсангаас Бруун ширээт орох замыг засч байгаа бөгөөд засварыг долдугаар сард багтаан дуусгана нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Түүнчлэн Өнгөрсөн долоо хоногт мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Чингис уул орчмын зургаан км зам, Богд хан уулын дархан цаазат газрын Төр хурахын амаас Хүрэлтогоот хүртэлх 14 км замыг хамгаалалтын захиргаанаас тогтоосон чиглэлийн дагуу Олле стандартын дагуу тохижуулах ажлыг эхлүүлээд байгаа ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж