“Газраа алдвал бүхнээ алдана” үзэсгэлэнд 512 иргэн нэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.06.27-нд нийтлэгдсэн

“Газраа алдвал бүхнээ алдана” үзэсгэлэнд 512 иргэн нэгджээ

“Газраа алдвал бүхнээ алдана” үзэсгэлэнг Чингисийн талбайд долоо хоногийн турш зохион байгуулсан “Зүтгэл, Сэтгэл, Итгэл, Эх орон” төрийн бус байгууллагын гишүүд болон иргэдийн төлөөлөл өнөөдөр /2016.06.27/ мэдээлэл хийлээ.

Үзэсгэлэнг дэлгэсэн энэ хугацаанд тус төрийн бус байгууллагад 512 иргэн хандаж, өөрсдийн газрын маргаантай холбоотой асуудлаар зөвлөгөө авч, хамтран ажиллах хүсэлтээ ирүүлжээ.

Тус төрийн бус байгууллагын тэргүүн С.Отгонцэцэг “Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулах зорилго нь сонгуулийн хөдөлгөөнтэй өдрүүдийг ашиглан үе үеийн Нийслэлийн Засаг дарга нарын нийтийн эзэмшлийн гудамж талбайг хязгаарлаж, тэдний гаргасан хууль бус шийдвэрүүдийг иргэдэд танилцуулж, эсэргүүцлээ илэрхийлэхийг зорьсон. Гэвч бидний хийж буй үйл ажиллагааг улстөржүүлж, үг хэлэх эрхэнд маань халдаж байгааг эсэргүүцэж байна” гэв.

“Би 14 жил амьдарч байгаа 400 метр кв газрынхаа гэрчилгээг өдийг хүртэл авч чадаагүй явна. Нийт есөн удаа шүүх хурлаар явж, 13 удаа өргөдөл өгсөн боловч шийдэгдээгүй. Одоо дүүргийнхээ Засаг даргад өргөдөл өгөөд 60 хоног болж байна. Ямар ч хариу алга. Газрын асуудлаар тэмцэж буй “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ-ынхныг дэмжиж байна. Цаашдаа энэ асуудлаар яваад дийлдэхгүй л байх даа” хэмээн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн Л.Майхүү ярилаа.

Мөн иргэдийн хүсэлтээр сонгуулийн дараа энэ үзэсгэлэнг Нийслэлийн дүүргүүдэд танилцуулах бөгөөд өчигдөр /2016.06.26/ Сонгинохайрхан дүүрэгт зөвшөөрлийн дагуу үзэсгэлэнгээ танилцуулсан боловч МАН-аас нэр дэвшигч Ц.Сандуйгийн штабаас цагдаагийн зөвшөөрөл аваагүй хэмээн зогсоосон гэдгийг тус төрийн бус байгууллагын гишүүд хэлж байв.

А.ЦЭЭСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж