МАН-ын удирдлагуудын бичлэг үнэн гэдгийг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2016.06.27-нд нийтлэгдсэн

МАН-ын удирдлагуудын бичлэг үнэн гэдгийг тогтоолоо

МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон түүний хуулийн зөвлөх А.Ганбаатар нарын төрийн албыг дэлгүүрийн бараа мэт харж, мөнгөөр үнэлэн ярилцаж байгаа маш ноцтой нууц дуу бичлэг олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ бичлэгт сонгуулийн мөнгөө босгохын тулд албан тушаалыг хэрхэн наймаалцаж, хэрхэн үнэлж байгаа тухай бичигдсэн юм. Түүгээр барахгүй яам, тамгын газрын дарга, ахлах мэргэжилтнээс эхлээд эгэл жирийн автобусны жолооч, тохижилт үйлчилгээний цэвэрлэгч хүртэл бүх төрийн албан хаагчдыг ажилгүй болгох төлөвлөгөө боловсруулснаа тэд ярилцсан билээ.

Бичлэг дэлгэгдсэний дараа нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй өөрсдийн тэрхүү яриагаа хүлээн зөвшөөрч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн юм. Гэвч МАН-ынхан нам дотроо байр сууриа нэгтгээгүй бололтой. Түүний дараахан МАН-ын нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан тус дуу бичлэгийг эвлүүлэг хэмээн Ц.Сандуйгаас тэс өөр мэдэгдлийг хийсэн.

Тэгвэл тус бичлэг үнэн гэдгийг баталсан талаар нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Тус дуу бичлэг анх зургадугаар сарын 17-нд “noname_rainman” нэртэй твиттер хаягаас цацагдсаныг бид олж авсан. Тухайн үед 598 хүн үзсэн байсан. Анх МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан тус бичлэгийг олон нийтэд цацсан байдаг. Бид бичлэгийг үнэн бодит мөн үү, үгүй юу гэдгийг холбогдох хууль хяналтын болон үнэн зөвийг нь тогтоодог байгууллагуудад хандсан. Үүний дагуу эдгээр байгууллага дуу, бичлэгийг нягталж шалгаад, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн 4113 тоот дүгнэлт гарган, зургадугаар сарын 22-нд энэ бичлэг бол үнэн бодитой, ямар ч эвлүүлэг ороогүй бичлэг юм гэсэн гурван хуудас бүхий дүгнэлт ирүүлсэн. Мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд итгэж байна” гэлээ.

Мөн МАН-ын нэр бүхий удирдлагуудыг улс төрийн болон ёс суртахууны хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг ч тэрээр онцоллоо.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн 4113 тоот дүгнэлт /Бүрэн эхээрээ/:

Дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн “1. Шинжилгээнд хүргүүлж байгаа бичлэгтэй CD” гэсэн бичигтэй CD дискэнд “audio 01 Sandui60billion.mp3гэсэн нэртэй 2.09 mb хэмжээтэй 128.0Kbps bitrate, 00:02:16 секундын үргэлжлэх хугацаатай дуу авианы бичлэгийн файл, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “2 Ц.Сандуйгийн ярьж байгаа бичлэг” гэсэн бичигтэй CD дискэнд “Sandui yariltslaga.mp4гэсэн нэртэй 2.32 gb хэмжээтэй 18.0Mbps bitrate, 1280х720 pixels, 00:18:02 секундын үргэлжлэх хугацаатай дүрс бичлэгийн файлууд тус тус бичигдсэн байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “audio 01 Sandui60billion.mp3гэсэн нэртэй бичлэгт ярьж байгаа эрэгтэй хүний дуу авиа нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Sandui yariltslaga.mp4гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн Нийслэлийн Монгол Ардын Намын дарга Ц.Сандуй гэх хүний дуу хоолойтой тохирч байна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй бичлэгт ярьж байгаа эрэгтэй хүний дуу авиа нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Sandui yariltslaga.mp4гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн эрэгтэй хүний дуу авиатай дууны давтамж, далайцын спектрийн байгууламж, ярианы давтамжийн зурвас, харилцан ярианы давтамжийн үе зэрэг шинжүүдээрээ тохирч байна.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн Ардчилсан нам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж