27 жилийн өмнө “Ардчилсан ертөнц”-ийг нүдээр үзсэн “эрдэмтэн”

Хуучирсан мэдээ: 2016.06.27-нд нийтлэгдсэн

27 жилийн өмнө “Ардчилсан ертөнц”-ийг нүдээр үзсэн “эрдэмтэн”

27 жилийн өмнө “Ардчилсан Ертөнц”-ийг нүдээр үзсэн цөөн Монгол залуучуудын нэг, өдгөөгийн УИХ-ын Сонгуулийн 59-р тойрогт Монголын Социал-Демократ Намаас нэр дэвшиж буй Монгол улсын нэрийг дэлхийд гаргасан, геоинформатикийн салбарын нэрт эрдэмтэн ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, профессор, доктор (ScD) Д.Амарсайхантай ярилцлаа.

“АРДЧИЛСАН ЕРТӨНЦ”-Д ХӨЛ ТАВЬСАН НЬ

-Таныг Монгол “Хаалттай улс” байхад Барууны “Ардчилсан Ертөнц”-ийг нүдээр үзэж, тэнд сурсан цөөн хүний нэг гэдэг юм билээ. Ер нь тухайн үед яаж танд энэ боломж олдов?

-Би 1987 онд хуучнаар ЗХУ-д их сургууль төгсөж ирээд ШУА-д ажилд орсон бөгөөд 1989 онд залуу инженер надад НҮБ-ын төслийн шугамаар Нидерланд улсад тухайн үед дэлхий дахинаа дөнгөж хөгжиж эхэлж байсан геоинформатикийн мэргэжлээр суралцах боломж олдсон юм. Тэр үед ихэнх монголчууд маань Баруун Европын орнууд руу бараг явж үзээгүй, ямар байдаг талаар “их өндөр хөгжилтэй, гоё” л гэсэн ерөнхий төсөөлөлтэй байсан үе. Намайг Нидерланд руу 1 жил сурахаар явлаа гэхэд хүн бүр шахуу шагшин гайхаж, өнөөдрийнхээр бол “САР РУУ” нисэх гэж байна гэж байгаатай л бараг адилхан сонсогдож байсан үе.

-Нидерланд улсад хөл тавихад анхны сэтгэгдэл ямар байв?

-Би 1989 оны 10-р сарын 14-ний орой Москвагаас нисээд 22 цагийн үед Амстердамын онгоцны буудал дээр буулаа. Тэр үеийн Нидерланд бол манай гарагийн хамгийн нээлттэй, зах зээл өндөр хөгжсөн, ардчилсан орнуудын нэг байв. Гаалиар гарч ирээд л “шил, толь” болсон өөр ертөнц намайг угтаж байгааг мэдэрч эхэллээ. Миний сурахаар очих гэж буй Энскэдэ хот руу явдаг сүүлчийн галт тэрэг аль эрт явчихсан, би гэдэг хүн чинь онгоцны буудал дээр унтах хэрэгтэй болов.

-Тэгээд?

-Хүний нутагт ганцаар яваа болохоор амьхандаа муу санаатай, хүлээлгийн танхимын нилээн олон хүн суусан хэсгийн дунд очоод суучихлаа. Тэгээд суугаагаараа унтах санаатай зүүрмэглээд яг унтаж эхэлж байтал бөөн чимээ гараад намайг сэрээчихэв. Нүдээ нээгээд хартал эрэгтэй, эмэгтэй нийлсэн 30-аад Ази залуус миний эргэн тойронд ирчихэж. Тэдний нэг нь намайг хаанаас явж байна гэхээр нь Монгол улсаас энд сурахаар ирээд байна л гэлээ, нөгөө нөхөр өөрийнхээ хэлээр нөгөөдүүлдээ хэдэн юм хэлтэл нөхөд намайг бүчээд авлаа. “Монгол хүн гэнээ. Чингис хааны нутаг мөн биз дээ. Анх удаа Монгол хүн харж байна. Танай улсын паспорт ямар байдаг юм бэ?” гээд л юм асуух завдал өгөлгүй нөгөөдүүл чинь янз бүрийн асуултаар нүдээд, зарим нь надтай зургаа авахуулаад л би гэдэг хүн чинь “бүр гарч” өгөв. Өөрсдийнх нь тухай асуутал Малайз, Сингапур, Филиппин, Тайланд, Хонг Конгийн оюутнууд Европоор аялаад онгоц нь өглөө эрт хөөрөх учраас буудал дээр шөнийг өнгөрөөхөөр ирээд байсан нь тэр аж. Нэгэн “онцгой хүн” гарч ирчихээд хүмүүс юм асуугаад, хамт зургаа авахуулаад байхаар тэнд онгоцоо хүлээж байсан хар, шар, цагаан бусад хүмүүс ч ирж намайг бас сонирхов. Тэгэхэд л Дэлхийн олон оронд, ялангуяа Азийн орнуудын дунд Монгол орон бол “эртний их түүхт үлгэр домгийн” орон, Монголчууд биднийг Чингисийн удам гэдгээр маань л мэддэг юм байна гэдгийг сайтар мэдэрч билээ.

-Дараа өдөр нь өөрийн сурах гэж байгаа хотдоо ирсэн байлгүй, тийм үү?

-Маргааш нь өглөө эрт нөгөө оюутнууд ч яваад өглөө. Би ч өөрийн хот руу галт тэрэгний цонхоор харсан шиг явсаар 2 цаг гаруйн дараа 125 мянган хүнтэй Энскэдэ хотод ирлээ. Замд харсан бүх зүйлс “гял цал”, хотдоо ирээд өөрийнхээ байх зочид буудлыг хүнээс асуутал 500-гаад метрийн цаана байгаа өндөр байшинг зааж байна, тэр зүг ачаагаа бариад алхчихлаа, эргэн тойрноо харахад бүх юм нь цэвэр цэмцгэр, зам, талбайг нь хүртэл “савандаад угаачихсан” юм шиг, ёстой л тухайн үеийн бидний мөрөөддөг байсан нөгөө “СОЦИАЛИЗМ-КОММУНИЗМ” гэдэг нь л ийм байдаг байх гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Буудалдаа очиж өрөөгөө аваад, усанд орж, зүсээ янзлаад сургууль руугаа гарч өгөв.

-Сургууль дээрээ яаж очив, таныг хэрхэн угтав?

-Миний суралцахаар очсон сургууль бол “ITC” хэмээх нэрээр алдаршсан Нидерландын Агаар-сансрын зураглалын олон улсын институт, тухайн үедээ геоинформатикийн чиглэлээр англи хэл дээр өндөр түвшингийн сургалт явуулдаг дэлхийн гуравхан сургуулийн нэг байлаа. Би очихдоо виз хөөцөлдсөөр байгаад 7 хоног хичээлээсээ хоцроод очсон юм. Буудлаас сургууль хүртэл 10 хүрэхгүй минут алхаад очлоо. Сургууль маань намайг ирнэ гэдгийг мэдэж байсан болохоор анги даасан багш маань “Та Монгол улсаас ирсэн анхны оюутан боллоо, миний хувьд ч гэсэн та анхны монгол хүн, манайд 100 гаруй орны 500-аад судлаач голдуу оюутнууд байдаг, таны ангид л гэхэд 26 орны оюутан байгаа” гэж хэлээд өөрийн хичээл заадаг ангиудаар намайг дагуулан явж, “Монголын анхны оюутан”-ыг танилцуулав. Тэгэж явсаар байтал хичээлийн завсарлага ч боллоо. Ангийн багш ч намайг ангийхантай маань нийлүүлж өгчихөөд яваад өглөө, нөгөөдүүл чинь намайг бүчиж аваад ёстой бараг л “барьж үзэх” дөхөв.

НИДЕРЛАНД УЛСАД СУРСАН НЬ

-Та их сургуульд сурахдаа ЗХУ, Нидерланд гээд 2 өөр улсад сурчээ. Сургалтын хувьд ялгаа хир их байв?

-ЗХУ-д сурч байхад хичээл мэдээжийн хэрэг орос хэл дээр орно. Гэхдээ би чинь физикийн факультетэд сурч байсан болохоор ихэнхи хичээл дээр багш орж ирж самбар дээр дийлэхидээ шохойгоор томъёо бичиж самбартай ажилласаар гарч одно. Тухайн үеийн ЗХУ-ын сургалт бол хүнд яг л дээд мэргэжил олгох гэдэг үүднээсээ ханддаг байсан болохоор асар их материал, мэдээллээр хүнийг “шахдаг” байлаа. Харин Барууны сургалт бол хүний ая тухтай суралцах боломжийг хангах болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр илүү анхаардаг юм байна гэдгийг хичээлд суусан эхний өдрүүддээ л мэдэрч билээ.

-Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх гэдэг дээр жишээ хэлж болох уу?

-Нидерландын сургуульд багш нар нь хичээл бүрийнхээ өмнө оюутнуудад заах хичээлийнхээ агуулгыг багтаасан гарын авлага, хэвлэсэн материал тараагаад өгчихнө. Лекцийн явцад оюутнуудыг идэвхитэй байлгах үүднээс тэдэнтэй харилцан ярилцаж, тухайн сэдвийн талаархи оюутны ойлголтыг шалгана. Семинарын хичээл дээр багш нар нь оюутан бүртэй тулж ажиллан, чадахгүй байгаа зүйлийг нь сургахын төлөө ажиллана. Мөн оюутнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, асуудлыг хэрхэн шийдэхэв, аливаа юманд хэрхэн бүтээлчээр хандахав гээд хүнийг өөрөөр нь сэтгүүлж, хөгжүүлэхэд онцгой анхаарна.

-Та залуу байсан болохоор найз нөхөд олон л байсан байлгүй. Ер нь аль орны оюутнуудтай нөхөрлөдөг байв?

-Би чинь Монгол улсын анхны оюутан болохоор эх орныхоо нүүр царай болох ёстой гэдэг утгаараа бараг л бүх орны оюутнуудтай мэндтэй устай явна. Дашрамд дурьдахад, гадагшаа явж байгаа хүмүүс, ялангуяа залууст хандаж “Та Монгол улсын хилийг даваад л өөрийгээ биш, харин эх орноо төлөөлж байгаа тул Монгол гэдэг нэрийг өндөрт өргөж, ертөнцийн чихнээ дуурсгахын төлөө бүх хүчээ дайчлах ёстой шүү” гэж захимаар байна. Ангийнхаа оюутнуудтай жигд сайхан харьцаатай байсан боловч Энэтхэг, Малайз, Тайланд, Европын орны оюутнуудтай илүү дотно найзалдаг байв.

-Залуу хүмүүс янз бүрийн л юм ярьж, хийдэг байсан байлгүй?

-Миний хувьд Энэтхэг, Малайз, Тайланд оюутнуудтай хамтарч хичээлээ давтаж, гэрийн даалгавраа хийнэ, мөн чөлөөт цагаараа ширээний теннис тоглоно. Харин Европын орны оюутнуудтай бол улс төр, эдийн засгийн талаар яриа өрнүүлж, битүүхэндээ яаж тийм өндөр хөгжилд хүрсэнийг нь тандана. Тэд “манай энэ нийгэм бол нийтээрээ чинээлэг дунд давхаргатай, баян, ядуугийн хоорондох ялгааг аль болох бага байлгах зорилго бүхий чөлөөт нийгэм байгаа юм, тэр бүхнийг төрийн зохицуулалтаар, зөв татварын бодлогоор хийдэг юм” гэсэн юм хэлнэ. Тэгээд улс төр, эдийн засгийн систем нь буруу тогтолцоотой, бурангуй ёс ноёрхсон газар гэхээр Африкийн орнуудыг жишээ татна. Миний хэд хэдэн найз Африкийн орнуудад төслийн шугамаар ажиллаж байсан байдаг юм. Тэд “Африкийн орнуудын удирдагчид жаахан ч гэсэн эх оронч сэтгэлтэй байсан бол аятайхан амьдрах боломж зарим оронд нь байна, даанч тэд ард түмнээ болохоор өөрсдийнхээ “боол” болгочихсон, өөрсдөө болохоор цагаан арьстнуудын “зарц” болчихсон хөгийн юмнууд байдаг юм, хөгжлийн талаар ярихад их хэцүү” гэж хэлдэг байж билээ…

МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН “БАЯН” ХҮМҮҮСИЙН НЭГ БАЙХ БОЛОМЖ НАДАД БАЙЛАА. ГЭВЧ БИ ЭРДМИЙГ СОНГОСОН

-Сургуулиа төгсөөд та Нидерландаас Монгол нутагтаа шууд ирэв үү?

-Нидерландын сургуулийнхаа эхний жилийг дуусгачихаад “Барууны Ертөнц”-ийг үзүүлэхээр эхнэрээ урьсан байлаа. Эхнэр бид хоёр 1990 оны 9-р сард Нидерландаас нутгийн зүг жолоо залахдаа Хятадаар дамжин явах санаа төрж, Амстердамаас Зүүн Берлинээр дамжин ниссээр Бээжинд ирэв. Берлинээс нисэхэд бид хоёрт бас л сонин гэмээр учрал тохиолдлоо. Тэр үед 2 Герман нэгдэх гээд Зүүн Германы олон байгууллага “татан буугдаж” байсан цаг. Бид Зүүн Германы “Интерфлюг” авиа компанийн онгоцоор Хятад руу ниссэн бөгөөд нисэж байх замдаа “Интерфлюг”-ээр нисэж байгаа бараг сүүлчийн шахуу зорчигчид гэдгээ мэдээд, тэр том компанийг “үүдээ барьж” байгаа гэхээр ихэд гайхаж байж билээ.

-Хятад улсад ирэхэд ямар байв?

-Хятад улс бол манай мөнхийн хөрш, тэр үед зах зээлийн эдийн засагт шилжээд бас ч гэж хэдэн жил болчихсон байсан учраас миний анхаарлыг зүй ёсоор татаж байсан хэрэг. Тэгэхэд өнөөгийн Бээжингийн орон нутгийн онгоцны буудал нь олон улсын буудал байлаа. Онгоцноос бууж, ачаагаа авчихаад Монголын ЭСЯ руу явах замдаа, хөх саарал өнгийн байшингууд голлосон Бээжин хотыг Баруун Европын хотуудтай харьцуулсан шиг явсаар нэг мэдэхэд хүрэх газраа ирсэн байв. Тэр үед ганзагын наймаа дөнгөж эхэлж байсан бөгөөд Бээжинд очсон манайхан голдуу л 50-100 доллартай, тааралдсан наймаачид “юу дарах”-аа ярилцана. Эхнэр бид хоёр 2000 гаруй доллартай, зүс мэддэг нэг нь мөнгө зээлээч гэнэ, “сайн санасан” зарим нь “наймааны үе болчихоод байхад ийм их мөнгийг зүгээр авч явахаар бараа авч яваач” гэж зөвлөнө…

1990 ОНД МОНГОЛЧУУД БИД ӨНӨӨГИЙН ИЙМ МОНГОЛ ОРНЫГ МӨРӨӨДӨӨГҮЙ

ТА ЯАГААД УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ БОЛОВ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж