Парламентын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт явагдах мөч хаяанд ирлээ. Энэ удаагийн сонгуульд нийтдээ 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч гээд нийтдээ 498 хүн нэр дэвшсэнээс нэг хүн шүүхийн шийдвэрээр нэр дэвшигчээс эргүүлэн татагдсан.
Өмнөх долоон удаагийн сонгуультай харьцуулахад энэ удаад хамгийн олон эмэгтэй нэр дэвшиж байгаа. Өөрөөр хэлбэл, нийт нэр дэвшигчийн гуравны нэг буюу 129 эмэгтэй өрсөлдөж байгаа юм.
Тэгвэл өмнөх долоон сонгуулийн онцлог юу байв?
Улсын Их Хурлын сонгуулийг 1990 оноос эхэлж явуулсан бөгөөд 1992 онд олон мандаттай томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор, 1996, 2000, 2004 онд нэг мандаттай тойрог бүхий мажоритар тогтолцоогоор тус тус явуулсан байна. 2008 он томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор, 2012 онд холимог системээр зохион байгуулсан бол 2016 оны сонгуулийг жижиг мажоритар системээр явуулж буй юм.
-Парламентын анхны сонгуулийг 1990 оны долдугаар сарын 22-нд зохион байгуулж байжээ.
-1990 оны Ардын Их хурлын сонгуулийн санал хураалтаар 430 тойргоос 402 депутат сонгогдсон. Харин үлдсэн 28 тойрогт наймдугаар сарын 15-нд дахин санал хураалт явуулж сонгуулийн дүнг гаргаж байжээ. Энэхүү сонгуулиар МАХН 343, МоАН 23, МҮАН 7, МСДН 4, Монголын чөлөөт хөдөлмөрийн нам 1 суудал авч, 51 бие даан нэр дэвшигч сонгогдож байсан түүхтэй юм байна.
-Улсын Их Хурлын анхдугаар сонгууль нь томсгосон 26 тойрогт явагдаж улс төрийн 7 нам, 2 эвсэл, бие даагч нийт 293 хүн нэр дэвшин оролцсон бөгөөд нийт сонгогчдын 95,6 хувь нь саналаа өгсөн гэж түүхэнд тэмдэглэгджээ.
-1992 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэд 76 суудлын 70-ыг нь авсан бол сөрөг хүчин 5-хан суудалтай (МСДН 1, МоАН, Нэгдсэн Нам, МҮДН-ын эвсэл 4) хоцорчээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Гэндэнсамбуугийн Зуунай нь МАХН-ын гишүүн юм. Уг сонгууль нь томсгосон мажоритар системээр буюу аймаг дүүргүүдийг нэг тойрог болгон, тойрог тус бүрээс 2-4 хүн сонгогдож байв.
-Жижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс нэг хүн сонгогдсон 1996 оны УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл 50 суудал авснаар Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Харин МАХН түүхэндээ анх удаа сөрөг хүчин болсон тус сонгуулиар 25 суудал, үлдсэн нэг суудлыг МУНН (Очирбатын Дашбалбар) авчээ.
-Сонгуулийн тогтолцоо өмнөхтэйгээ ижил байсан бөгөөд МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонхи болж, МҮАН, МШАН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл, ИЗН, Ногоон Намын "Иргэний Зориг-Ногоон Нам" эвсэл, Эх Орон-МАШСН тус бүр нэг суудал авч, бие даагч нэг хүн (Ламжавын Гүндалай) сонгогджээ.
-Улсын Их Хурлын 2008 оны ээлжит сонгуулийн үеэр сонгуулийн хороодын үйл ажиллагаанд улстөржиж талцах, санал хураалтын дүн гаргахгүй удах зэрэг алдаа дутагдал гарч улмаар иргэдийн эсэргүүцэл даамжирч нийтийг хамарсан үймээн болсон нь томоохон сургамж болсон юм.
-2012 оны сонгуулиар сонгогчдын саналыг автомат машинаар тоолох болсон.
-2016 оны сонгуулиар сонгогчдын саналыг автомат машинаар тоолохоос гадна 50 хувьд нь хяналтын тооллого хийхээр хуульчилсан.
-Автоматжуулсан системийг хэрэглэснээр сонгуулийн дүнг маш богино хугацаанд гаргадаг болсон. Сонгуульд нэр дэвшигч нь автоматаар тоолсон дүнг зөвшөөрөхгүй бол саналаа гараар тоолох боломжийг Сонгуулийн тухай хуульд нэмж оруулсан.
-Сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлээд 75 хоног байжээ. Дараа нь 45, дараа нь 28 хоног болж багассан бол энэ удаагийн сонгуулиар 17 хоног болж цөөрсөн.
-Хэмжээ хязгааргүй, биелүүлэх бололцоогүй зүйлийг амладаг, тэр нь сонгуулийн үр дүнд шууд нөлөөлдгийг 2004, 2008 оны сонгуулийн үр дүн харуулсан.
-Судалгаагаар анхны сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл Монголд 14 Засгийн газар ажиллажээ. Энэ 14 Засгийн газраас П.Жасрай болон Н.Энхбаяр Ерөнхий сайдын Засгийн газар тус бүр дөрвөн жил, бусад Засгийн газар нь дунджаар 1.3 жил ажилласан байна.
Ж.ЭРХЭС