ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН:
- Олон улсын допингийн эсрэг агентлаг (WADA) Бразилийн нийслэл Рио-де-Жанейро хотын допингийн шинжилгээний лабораторийн эрхийг цуцалжээ. Зуны Олимпын XXXI наадам эхлэхэд хэдхэн долоо хоног үлдсэн энэ үед уг шийдвэр олон улсын анхаарлыг татаж байна.
Рио-де-Жанейро хотын допингийн шинжилгээний лабораторийг олон улсын стандартад нийцээгүй гэх шалтгаанаар эрхийг нь цуцалжээ. Ингэснээр Олимпын наадмыг зохион байгуулагч Рио-де-Жанейро хотын лабораторид тамирчдын шээс, цусны дээжийг шинжлэх боломжгүй болж байна.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны ойд зориулсан "Наадмын сорилго барилдаан" өнөөдөр 14.00 цагаас болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглох юм.
- Бөхчүүдийн хувьд баяр наадмын бэлтгэлд гарч жигдэрсэн байгаа. Харзтайн амралтад Увс аймгийн "Увснуур", Баян-Өлгий аймгийн "Бес богда бүргэд" дэвжээнийхэн айлссан бол Сэлэнгэ аймгийн "Таван-Хан" дэвжээнийхэн мөн Харзтайг зорих сурагтай байна.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу задарсан хэмээн олон нийтэд ташаа мэдээлэл түгээсэн иргэдийг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, хариуцлага тооцуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ.
ЭЕШ-ийн дараа төгсөгч, эцэг эхийн төлөөлөл болсон хэсэг иргэд шалгалтын хариу задарсан тухай олон нийтэд мэдээлж, улмаар олон нийтийн сүлжээнд ЭЕШ-ын хариуг худалдсан, мөнгөөр авсан бар кодтой цаасыг шалгалтад авч орсон тухай түгээсэн юм.
Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт явуулж, “ЭЕШ-ын хариу задраагүй” гэх дүгнэлт гарсныг өнгөрөгч баасан гаригт албан ёсоор танилцуулаад байна.
- Улаанбаатар хотын энэ зуны тохижилтын ажил үндсэндээ дуусч байна.
Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт гээд томоохон арга хэмжээний өмнө нийслэлийн төв гудамжуудыг тохижуулах ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд энэ сарын 25-нд дуусгахаар төлөвлөсөн юм. Өнгөрсөн долоо хоногт албаныхны өгсөн мэдээллээр “Тохижилтын ажил 90 гаруй хувьтай. Зургадугаар сарын 25 гэхэд бүрэн дуусна” гэсэн хариулт өгсөн.
- Энэ талаар Hero Entertaiment студийн уран бүтээлчид өнгөрөгч бямба гаригт Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
Тэдний хэвлэлийн хурал хийж байгаа шалтгаан нь /2016.06.24/ 20.00 цагийн орчимд Hero Entertainment студийн байранд цагдаа нар нэгжлэг хийж битүүмжилжээ. Тус студийн захирал Б.Баатараас байцаалт авахаар шөнө 04.00 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан гэжээ. Харин үүний маргааш буюу өнгөрөгч ням гаригт цагдаагийн байгууллагаас Hero Entertainment студийн захирал Б.Баатарыг барьж, хорьсон зүйл байхгүй гэж мэдээлжээ.
- Он гарсаар хулгайд алдагдсан 119 машины 106-г нь олж тогтоожээ. Харин 71 машиныг хулгайлсан хэрэгт сэжигтнүүдийг шалгаж байгаа аж. Одоогоор 13 машин олдоогүй байгаа гэх мэдээлэл өглөө. Машин хулгайлсан этгээдүүдийн хувьд 55 хувь нь унаж сэлгүүцэх зорилготой хэмээн хариулдаг байна. Харин 21.9 хувь нь машины эд ангийг зарж, борлуулдаг хэмээн мэдүүлжээ.