“Бахчисарайн оргилолт булаг”-ын 60 жилийн ойг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2016.06.27-нд нийтлэгдсэн

“Бахчисарайн оргилолт булаг”-ын 60 жилийн ойг тэмдэглэлээ

Хагас зуун жилийн түүхийг өгүүлэх Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн амралтын өдрүүдэд /2016.06.25-26/ тэмдэглэлт үйл явдал болж өнгөрлөө.

Учир юу гэвэл, дэлхийн сонгодгуудын нэг “Бахчисарайн оргилолт булаг” балетыг Монголын тайзнаа амилуулсаны 60 жилийн ойг тэмдэглэлээ. 1956 онд анх тоглосон энэ бүжгийн жүжиг Монголын театрын тайзнаа тавьсан анхны сонгодог балет гэдгээрээ онцлог бөгөөд энэхүү бүтээлээр Монголын балетын үе үеийн жүжигчид дамжин гарч, ажил, амьдралын гараагаа эхэлсэн түүхтэй.

Уг балетын 60 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод үе үеийн Мария, Гирей хаан, Вацлав, Зарема нар хүрэлцэн иржээ. Хүндэтгэлийн тоглолт эхлэхийн өмнө энэ алдарт бүтээлийг дэглэн найруулсан балетмейстер СТА И.М.Хабаева гуай хүрэлцэн ирж, чин сэтгэлийн үгээ хуваалцав. Мөн анхны Мария Д.Янжмаа, Г.Дашдулам, Вацлавын дүрд тоглосон Н.Баатар, их хатан Я.Пялзаа, Зарема Ц.Дашдулам зэрэг ахмад уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүллээ.

Тэртээ 60 жилийн өмнө театрынхаа тайзнаа залуу нас, гоо үзэсгэлэн, авьяас чадвараа зориулж явсан ахмад уран бүтээлчдээ алга ташилтаар хүндэтгэн угтлаа. Ахмад уран бүтээлчдийн хувьд нэгэн цагт энэ театрыг нуруун дээрээ үүрч явсан цаг саяхан мэт санагдана хэмээн хуучилцгаана. “Бахчисарайн оргилолт булаг ” балет дэлхийн сонгодог балетууд дотроос балет-драм гэдгээрээ онцлог бөгөөд Оросын хөгжмийн зохиолч Борис Асафьевын шилдэг бүтээлүүдийн нэг уг балетын нэрийг зарим газар “Нулимсан оргилуур” ч гэж нэрлэдэг аж.

Энэхүү балет нь Монголд европ урсгалыг оруулж ирсэн анхны балет бөгөөд Монголын сонгодог урлаг тэр тусмаа балетын урлагт гайхамшигт хөгжим,тайзны чадварлаг драматизмыг оруулж ирснээрээ өвөрмөц үнэ цэнэтэй бүтээл гэж үнэлэгддэг. Тиймээс балетын жүжигчдээс чамгүй ур чадвар шаардах бүтээл гэдэг нь тодорхой биз. Харин ахмад үеийн залгамж халааг залуу уран бүтээлчид хэрхэн түүчээлж байгаа нь сонирхол татаж байлаа.

Ийн хүндэтгэлийн арга хэмжээ дуусч, хөшиг алгуурхнаар нээгдэхэд “Бахчисарайн ордны сэрүүн лавринд хөөрхийлөлт Мариягийн дурсгалд зориулсан гантиг усан оргилуурын дэргэд Гирей хаан гунигтайгаар сөгдөн” сууж угтлаа.

МУГЖ Н.Баатар, зочин жүжигчин Валерий Геннадьевич Гусов, МУГЖ Ч.Ганчимэг, СТА  Б.Энхээ, МУГЖ Г.Цолмон нарын уран бүтээлчид

Энэ удаагийн тоглолтод Гирей хааны дүрд МУГЖ Н.Баатар, мөн зочноор оролцож буй Японы “NBA” балетын компанийн бүжиг дэглээч Валерий Геннадьевич Гусов нар тоглосон. Н.Баатар нь “Бахчисарайн оргилолт булаг” балетын дөрвөн эрэгтэй гол дүрийн гурвынх дүрд тоглож байсан, мөн Гирей хааны дүрд тэтгэвэрт гартлаа тасралтгүй тоглосон түүхэн гавьяатай.

Эхлэл хэсэгт МУГЖ Н.Баатар тоглосон бол балетын нэгдүгээр хэсэгт Валерий Геннадьевич Гусов гарч ирлээ. Тэрээр хүчирхэг Гирей хааны дүрийг бүтээж чадсан ч балетын хоёрдугаар үзэгдэлд өгүүлэх Мария бүсгүйд хайр сэтгэлээ илчилж буй хэсгийг илэрхийлэмж муутай, жүжиглэх тал дээр хангалтгүй сэтгэгдэл төрүүлэв. Мөн “Бахчисарайн оргилолт булаг” балетын оргил үзэгдэл болох “Мария бүсгүйн унтлагын өрөөнд Гирей хаан орж ирснээр Мария хэзээ ч түүнийх болохгүй” гэдгийг ойлгох гуравдугаар хэсэгт ч гэсэн үзэгчдийн сэтгэлийг гонсойлгож орхилоо.

Харин “Бахчисарайн оргилолт булаг” балетын гол дүр Мариягийн дүрд МУГЖ Г.Цолмон тоглосон. Г.Цолмонгийн нас хэдий Мариягийн нас биш ч энэ ялгааг жүжигчний маань ур чадвар огт харуулсангүй. Мөн энэ үдшийн нэгэн гэнэтийн бэлэг Гирей хааны Бахчисарайн ордон дахь хоёрдугаар үзэгдэлд түүний ээж, анхны Мария Б.Энхээ бүжсэн юм. “Үнэхээр гайхалтай” хэмээн үзэгчид огшиж, баяр хүргэж байв.

Мөн энэ үдэш цэргийн дарга Нуралигийн дүрд тоглосон залуу жүжигчин А.Эрдэнэболд тун сайн тоглосныг дурдах хэрэгтэй. Тэрээр энэ удаа үүргээ сайн гүйцэтгэж, үзэгчдээс алга ташилтыг авч чадлаа.

Энэхүү сонгодог бүтээлийг удирдаач УГЗ Ц.Мөнхболд удирдсан бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид хөгжимдөж, ерөнхий балетмейстераар Б.Жаргал, туслах найруулагчаар Н.Чинзориг нар ажилласан юм. Тэдний ажлыг чамлах нэгэн ч тааралдав.

Хэдий 60 жилийн өмнөх “Бахчисарайн оргилолт булаг” балетыг тоглож байгаа ч орчин цагийн үнэр үнэртүүлж, тайз, засал чимэглэл, гэрэлтүүлэг зэргийг өөрчилсөн бол илүү үзэгчдэд хүрч, бүрэн сэтгэл ханамжийг мэдрүүлэх байсан биз.

Ийн 60 жилийн өмнөх шийдэмгий, тачаангуй бүсгүй Зарема, ирвэс мэт гоолиг, цог золбоотой, бардам Гирей хаан, хайр гэгчийг мэдэрдэггүй, харгис дайчин Нурали, ялдам, энхрий Мария, дурлалт залуу Вацлав нарын гунигт хайрын түүхийг өгүүлэх “Бахчисарайн оргилолт булаг” өндөрлөсөн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж