Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ XVI дахь удаагийн Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдаан энэ сарын 23-24-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж амжилттай өндөрлөлөө. Ташкентын уулзалт хоёр зүйлээр онцлог байлаа. Нэгдүгээрт, 15 жилийн ойгоо тэмдэглэлээ, хоёрдугаарт, 15 жилийн турш хөндөгдөөгүй явж ирсэн үүсгэн байгуулагч буюу жинхэнэ гишүүн орны тоогоо ирэх жилээс зургаагаас найм болгон нэмэх нь тодорхой боллоо. Энэтхэг болон Пакистан улстай гишүүнээр элсэх үүргийг баталгаажуулсан Санамж бичгийг Ташкентын саммитын үеэр зурлаа. Энэ хоё улс тус байгууллагад 2005 оноос ажиглагч орноор ажиллаж байгаа. Сонирхуулж хэлэхэд ШХАБ-ын анхны ажиглагч орноор Монгол улс 2004 статусаа авч байсан. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ШХАБ өргөжин тэлсээр ирсэн. 2001 онд зургаан гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бол одоо зургаан гишүүн орон, ажиглагч зургаан орон, яриа хэлцээний түнш зургаан орон нийт 18 орныг нэгтгэж байна. Хамгийн сүүлд 2015 оны ОХУ-ын Уфад болсон уулзалтаар Беларусьт яриа хэлцээний түнш статусыг олгосон юм. 15 жилийн ойгоороо ШХАБ тооны хувьд тэлээгүй ч чанарын хувьд өөрчлөгдөх нь тодорхой боллоо.
Ташкентын уулзалтын үеэр гишүүн орны төрийн тэргүүн нар ШХАБ өнгөрсөн 15 жилийн хугацаанд хөгжин бэхжиж, дэлхийн тавцанд хүчтэй төдийгүй нөлөө бүхий тоглогчийн хэмжээнд очсоныг онцлон тэмдэглэлээ. Уулзалтын төгсгөлийн баримт бичиг болох Ташкентын декларацид дурдсанаар Энэтхэг болон Пакистан улсад гишүүн орны статус олгосноор тус байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын тулгамдсан асуудлууд, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг бүс нутаг болоод дэлхий дахинд хангах асуудлаар олон талт механизмаар шийдэх боломж олгож байгааг тэмдэглэлээ.
Мөн энэ удаагийн уулзалтаар тохирсон аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцолж байна. Олон улсын терроризм, салан тусгаарлах үзэл, экстремизмын эсрэг тэмцлээ цаашид ч үргэлжлүүлж, НҮБ-ын зүгээс терроризмтэй тэмцэх конвенцийг ойрын хугацаанд гаргахын чухлыг ШХАБ-ын гишүүн орнууд илэрхийллээ.
Гишүүн орнуудад ээлжлэн зохиогддог Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн дараагийн хуралдааныг 2017 онд Казахстан улсын Астана хотноо хийх юм.
Шинэ гишүүд ШХАБ-ыг яаж өөрчлөх вэ?
15 жилийн өмнө байгуулагдаж байсан энэ байгууллага эдүгээ Евро-Азийн бүс нутгийн байнгын ажиллагаатай механизм болтлоо өргөжин, дэлхийн улс төр, эдийн засгийн тавцанд байр сууриа эзэлжээ. Гишүүн орны тоог хоёроор биш гурваар нэмж ес болгох магадлал өндөр байгаа талаар сүүлийн жилүүдэд ихээхэн бичсэн. Энэ нь ч аргагүй. Гишүүн орны статустай болох хүсэлтийг Энэтхэг, Пакистанаас гадна Иран улс гаргаад багагүй хугацаа өнгөрөөд байгаа.
ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш нийт 18 улс дэлхийн газар нутгийн 30,61 сая квадрат метр талбайг эзэлж, энэ бүс нутагт гурван тэрбум хүн амьдарч байгаа нь дэлхийн хүн амын тал хувь гэсэн үг юм. Мөн ШХАБ-ын орнуудын нийт ДНБ 2015 оны байдлаар 37 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. ШХАБ-ын жинхэнэ гишүүн орнуудаар Казахстан, Киргиз, БНХАУ, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагчаар Афганистан, Беларусь, Энэтхэг, Иран, Монгол, Пакистан, түншлэгчээр Азербайжан, Армян, Кампуч, Непал, Турк, Шри-Ланка байгаа юм.
Бүс нутгийн нөлөө бүхий тоглогчдын нэг болох Энэтхэг, Пакистан ШХАБ дахь статусаа ахиулснаар энэ байгууллагад өөрчлөлт гарна гэж олон хүн үзэж байна. Юун түрүүн хүчний харьцаанд өөрчлөлт орох магадлалтай. ШХАБ-ын хамгийн гол тоглогч Хятад улс байсан. Мэдээж хоёр дахь нөлөө бүхий орон нь ОХУ. Харин шинээр элссэн Энэтхэг, Пакистаны аль аль дэлхийн тавцан дахь сул тоглогчид биш. БНХАУ-ын дэлхий нийтэд дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлэх гараагаа эхлээд байгаа шинэ зууны Торгоны зам төсөл ШХАБ-тай амин холбоотой. Нэн ялангуяа Пакистантай энэ төслийн хүрээнд Хятад-Пакистаны эдийн засгийн коридор байгуулах ажлаа аль хэдийн эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хоёр аль хэдийнэ бизнесийн хамтрагч болсон.
Харин Энэтхэгийн статусыг ахиулахыг ОХУ илүүтэй дэмжиж байгаа. Энэтхэг, Пакистан ШХАБ-ын гишүүн болсоноор энэ байгууллагад Хятадаас бусад нь шахам хуучин ЗХУ-тай ямар нэг байдлаар холбогдож байсан Оросын нөлөөллийн улс байсан бол одоо тэс өөр ертөнцийн гишүүд нэмэгдэх нь. ШХАБ-ын дүрэм ёсоор энэ байгуллагын албан ёсны хэл нь орос, хятад байдаг. Харин англи хэл давамгайлдаг хоёр гишүүн нэмэгдэн орж ирсэнээр тус байгууллага дүрмийнхээ энэ хэсгийг эргэн харах шаардлага гарч ирж байгаа юм.
Холбоотой мэдээ