МАХН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежер Э.Эрдэнэжамъян МАН-ын удирдлагуудтай холбоотой баримт дэлгэсэн нь сонгуулийн сүүлийн өдрүүдийн гол дуулиан боллоо.
МАН-ын удирдлагуудын албан тушаал наймаалцсан яриа бүхий бичлэгийн асуудлыг хуулийн байгууллагуур шалгуулна гэж МАН мэдэгдэв. Тэгэх нь ойлгомжтой. МАН-ын тайлбарласнаар МАХН-ын сонгуулийн ерөнхий менежерийн цацсан бичлэг өнгөрсөн гурван жилийн хугацаанд хуралдсан хурлаар яригдсан зүйлсийг эвлүүлж тавьсан байсан гэнэ.
Энэ үйл явдлыг сонгуулийн өмнө галлаж байгаа их буу юм гэсэн холын дүгнэлт хийе гэсэн ч, эсвэл улс төрийн намын соёл, бичлэгийг хийж, дамжуулж, эвлүүлж, цацсан хүмүүсийн ёс зүйг ярья гэсэн ч “Баяраа өөрөө л ойчсон юм байна лээ” гэдэг шиг дүр зураг харагдаж эхэллээ. МАН нэг хурал дээр биш юм гэхэд нилээн хэдэн хурлынхаа дундуур Монголын төр, төрийн албыг 60 тэрбумаар үнэлж ярих нь ярьжээ гэж ойлгогдохоор байдал үүсч байна.
Хэрэв тийм бол, үнэхээр улс төрийн намууд төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж суудаг юм бол энэ бүхэн жинхэнэ эмгэнэл. 60 тэрбум төгрөг бол 30 сая доллар. Томоохон бизнесмэний түрийвчинд байдаг ийм мөнгөөр төрөө, улсаа үнэлсэн бол иргэд хаанаас,ямар ёс зүй хайх болж байна вэ?
Бичлэг хийсэн, цацсан, эвлүүлсэн асуудал нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, эзэн холбогдогч олдох нь намуудын хувьд чухал байж магадгүй. Иргэдийн хувьд харин хэзээ ярьсан нь биш улс төрийн том хүчин, итгэл хүлээлгэж ирсэн намын гал тогоонд ийм яриа болдог гэдэг нь л аймшигтай санагдаж байна.
Монгол Улс 60 тэрбумын үнэтэй гэж үү?
Б.БАЯСАХ