“Тэр эвлүүлэг байсан“

Хуучирсан мэдээ: 2016.06.25-нд нийтлэгдсэн

“Тэр эвлүүлэг байсан“

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан нар өнөөдөр МАН-ын байранд хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр “НИТХ дахь МАН-ын бүлгээс өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ ашиглаж, хүүгийнхээ компанид олгосон дахин төлөвлөлтийн төсөл үүнийг дагаад хотын төсвөөс олгосон долоон тэрбум төгрөгийн ажилтай холбоотой хэвлэлийн хурал хийсэн. Э.Бат-Үүлийн хүүгийн компанитай холбоотой баримт нотлогоо бидэнд байна. Баянзүрх дүүргийн иргэдийг хууран мэхэлсэн байгаа юм. Гэр хорооллын хөгжлийн газраас жил бүр гаргадаг тайлан сэтгүүлд дурдсанаар тус компанид 12 тэрбум төгрөг олгосон талаар бичсэн байдаг. Энэ бол үе шаттай залилан. Энэ үйлдлийнхээ төлөө нийслэлчүүдээс уучлалт гуйж чадахгүй хотын даргатай байгаад харамсчбайна. Үнэхээр Улсын баатар, шударга улс төрч юм бол олон нийтэд тайлбар хийж, албан тушаалаасаа огцрох хэрэгтэй” гэлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

-МАН-ын зарим гишүүд албан тушаал худалдаж 60 тэрбум төгрөг босгох гэж байгаа тухай яриаг МАХН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежер Э.Эрдэнэжамъян хэвлэлийн хурал хийж олон нийтэд дэлгэлээ. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Манай нам албан тушаал наймаалцдаг нам биш. Ардчилсан нам удаа дараа сонгуульд оролцохдоо албан тушаал амалсаар ирсэн. Хэдийгээр МАХН-ын зүгээс цацаж байгаа мэт боловч цаана нь эрх баригчид хийж байгаа гэж хардаж байна. Бичлэг дээр ярьж байгаа шиг тийм хурал болоогүй. Өнгөрсөн хугацаанд хуралдсан найм, есөн хурлыг эвлүүлээд хийсэн байна лээ. Мөн МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа Анужингийн бичлэг хуурамч болохыг шүүхээс шинжилж нотолсон. Хоёрдугаарт, МАН-ын сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн хурлыг эвлүүлээд цацаж байгаа нь тагнаж, чагнадаг байжээ гэх хардлага төрж байна.

-МАН хаанаас санхүүждэг вэ?

-Гишүүд дэмжигчдийн татвараас санхүүждэг. Санхүүгийн асуудлаа шалгах ёстой байгууллагад шалгуулаад явдаг.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж