Ц.Сандуй бичлэгээ хүлээн зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2016.06.25-нд нийтлэгдсэн

Ц.Сандуй бичлэгээ хүлээн зөвшөөрлөө

Өчигдөр МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын яриа цахим сүлжээгээр түгж, олон нийтийн анхаарлыг ихээр татав. Уг яриаг сонсоход төрийн албан хаагчдын ажлын байрны хувь заяаг ердөө гуравхан хүн нэг өрөөнд сууж уулзаад, шийдэж буйг төвөггүй ойлгож болно. Тодруулбал,МАН ирэх сонгуулиар УИХ болон аймаг, дүүргийн ИТХ дээр олонхи болсон тохиолдолд төрийн албыг бүхэлд нь солих төлөвлөгөөгөө бүр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө гаргасан нь тодорхой болов.

Тэдний гаргасан төлөвлөгөөг сийрүүлбэл, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, санхүүгийн эрхтэй дарга, дарга, дэд дарга гэсэн үндсэн бүтцүүдэд хувааж, эдгээр хүмүүст багаа бүрдүүлэн ажиллах эрх олгохоор тооцоолжээ. Ийм эрхийг намын зүгээс олгохдоо тодорхой хугацаанд мөнгөн төвлөрөл үүсгэн, намдаа нууц чиглэл өгч, томилгоог нь хийх аж. Ингэхдээ одоогийн яам, тамгын газар, хэрэг эрхлэх газрууд, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг нэг бүрчлэн хувааж, ахлах албан тушаал бүрийг тухайлан үнэлжээ.

Өөрөөр хэлбэл, нам томилгоо хийсэн ахлах албан тушаалтантайгаа л харьцаад явна гэсэн үг. Ийм байдлаар хийгдсэн санхүүжилтийн тодорхой ялгамж бүхий схемийг боловсруулснаар ирээдүйд хичнээн төгрөг нам дээрээ төвлөрүүлж болох уу гэдгээ тооцоолсон талаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй бичлэг дээр удаа дараа онцолжээ. Намын даргадаа танилцуулах зорилгоор богинохон бөгөөд товчилсон хувилбар авчирсан гэж тодотгов.

МАН-ынхны боловсруулсан эл схемийн тооцооллоор зөвхөн нийслэлээс 60 тэрбум төвлөрүүлэх тооцоо гарчээ. Ингэхдээ “Бид бүгдийг нь солино” гэсэн үгээр тодотгож буй юм. Ийм байдлаар зөвлөлдөхдөө Монгол Улсын 190  мянга орчим төрийн албан хаагчийн цөм бүтцийг тэр чигээр нь солих асуудалд тэд огтхон ч санаа зовж буй шинж алга. Хамгийн чухал нь намдаа ийм маягаар мөнгө төвлөрүүлэх явдал гэж үзжээ. Мэдээж МАН-ынхны ийм яриаг олон нийт, тэр дундаа төрийн албан хаагчид алга ташаад хүлээн авахгүй.

Хэрвээ МАН энэ сонгуулиар олонхи болоод гарч ирлээ гэхэд төрийн нэгж албан хаагчид харьяа алба хэлтэст нь шинэ дарга ирэхийг хүлээгээд суух нь. Өнөөх нь дээрээс мөнгө олох даалгавар өвөртлөж ирсэн тул багаа бүрдүүлж байж, бохир ажлаа эхлүүлэх шаардлага үүснэ. Ерөнхий зураглал нь ердөө л энэ. Ийм бодлогыг МАН-ын тухайлсан баг боловсруулж, намын дарга М.Энхболд цүнхтэй мөнгө барьж ирсэн улсуудаа гомдоохгүй байх чиглэл өгөөд сууж байгаа нь баримтаар нотлогдлоо.

Бичлэг алдагдсанаар үнэндээ МАН-ын үнэн нүүр царайг хуулж, сонгуулийн дараа сандал ширээ тойрсон ямар том өөрчлөлт явагдах нь олон нийтэд тодорхой боллоо. Дээр нь нэмээд хэлэхэд, МАН-ын ийм төрлийн төлөвлөгөө бас чиг шинэ юм биш бололтой. Намын дарга М.Энхболдын хэлж буйгаар “Намын байрны үүдэнд цүнхтэй мөнгөө хэн нэгэнд өгөөд салдаг. Тэр мөнгө нь хаашаа орсон нь тодорхойгүй замхардаг” тогтолцоог уг схем цэгцлэх зорилготой аж.

Улс төрийн сонгууль бүрийн дараа сандал ширээний асуудал дэгдэж, хаа сайгүй томилгоо өрнөдөг нь өнөөдөр хэний ч мэдэх л зүйл. Гэхдээ МАН шиг ийм тодорхой байдлаар ажил амьдралаа залгуулж яваа төрийн албан хаагчдын хоолноос нь салгах төлөвлөгөөг нарийвчилсан схемээр гаргадаг улс төрийн нам, эвсэл одоогоор бүртгэгдээгүй байна.

Сонгуулийн сурталчилгаа  шувтрах шатандаа явж буй энэ өдрүүдэд улс төрийн намуудын энэ мэт үйлдлүүд ил гарч байгаа нь нэг талдаа сөрөг “пи ар” мэт харагдавч сонгогчдын саналд шууд нөлөө үзүүлэхүйц чухал мэдээлэл агуулсан байгааг энд онцлууштай.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж