“Гавъяатаараа гайхуулсан наадам” хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

“Гавъяатаараа гайхуулсан наадам” хийнэ

Улсын хэмжээний түүхт их ойн баяруудтай давхцан Баянхонгор аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баяр энэ жил тохиож буй. Тус аймаг ойн баяраа энэ сарын 28-30-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойн баяртай холбогдуулан орон нутгийн төсөв, байгууллага, иргэдийн хандиваар цугларсан 9.981 сая төгрөгөөс 108 бүтээлч ажил хийх хөдөлгөөн өрнүүлж байгаа аж. Баянхонгор аймгийн бүх сум, албан газар, ААН, байгууллагын хаягийг монгол бичиг, крилл үсгээр хослуулан бичиж байрлуулж эхлээд байгаа бол байгууллага тус бүр 50 хүртэл, айл өрх бүр таваас доошгүй мод тарих хөдөлгөөн өрнөөд байна. Мөн аймгийн төвд “Тусгаар тогтнолын талбай”-г иж бүрнээр шинэчлэн тохижуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, жижиг дунд үйлдвэрлэлийн парк байгуулах, Баянхонгор 110/35/6 кв-ын дэд станцад 6.3 мва трансформатор нэмж ашиглалтад оруулах, инжинерийн хийцтэй уст цэг 40-ийг шинээр барих зэрэг томоохон ажлуудыг ч эхлүүлээд байгаа аж.

Төрөлх нутгийнхаа ойн баяраар тус аймгийнхан бүх гавъяатууддаа албан ёсоор урилга тараасан бөгөөд ийнхүү Баянхонгорчууд гавъяатаараа гайхуулсан наадам хийхээр зэхэж байна. Түүхт 70 жилийн хугацаанд Баянхонгор аймгаас салбар салбарын 95 гавъяат, 22 хөдөлмөрийн баатар төрөн гарчээ. Мөн хугацаанд Гавъяат багш Ш.Лувсанвандан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа, Гавъяат зоотехникч Д.Цэрэнсоном, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрай, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Пүрэвсүрэн, гавьяат жүжигчин Н.Сувд, Н.Алтанхуяг, Д.Батсүрэн, Ц.Цэмбэл нар Төрийн соёрхол хүртсэн байна.

70 жилийн намтар түүхтэй тус аймгийн хамгийн олон гавъяаттай сум бол Өлзийт. Тус сумаас 14 гавъяат төрөн гарснаас гурав нь Төрийн соёрхол хүртсэн байдаг бол гавъяатынхаа тоогоор Жаргалант, Бууцагаан, Заг, Гурванбулаг сумд удаалдаг аж.

Сонирхуулахад, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Гавъяат багш Т.Дунжаа, Ардын жүжигчин Б.Мөнхдорж, гавьяат жүжигчин Б.Мөнх, Хүний гавъяат эмч Ц.Пунцаг, Гавъяат тээвэрчин Ц.Доржготов нар ах дүүс юм байна.

Дэлхийд байхгүй Шаргалжуут рашаантай
Дээдэс чуулсан түүхт Хүрэн бэлчиртэй
Дэлхийн хүний өлгий Цагаан агуйтай
Дээлтэй Монголын нэгэн бүл Баянхонгор аймаг 70 нас хүрлээ.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж