Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

АН-ын таван “сайн”

Парламентын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт ирэх лхагва гаригт явагдана. Намуудын болон нэр дэвшигчдийн сурталчилгаа ид  үргэлжилж байна.  Гурав хоногийн дараа буюу энэ сарын 27-ны 24.00 цагт хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусна. Парламентад суудалтай хоёр том намын дунд гол өрсөлдөөн явагдаж байгаа бөгөөд сурталчилгааг нь харахад Ардчилсан нам хийсэн ажлаа, Ардын нам хийх ажлаа иргэддээ тайлагнаж байна.

Эрх баригч Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд юу хийв ээ. Чухам энэ асуултыг иргэд цөөнгүй тавьж байгаа ч тус намын эхлүүлсэн таван “Сайн” хөтөлбөрийг нь магтах хүмүүс олон.

Ардчилсан намын Засгийн газар буюу Шийдлийн Засгийн газраас монгол хүн, монгол өрх бүрд үйлчлэх  “ТАВАН САЙН ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

“САЙН ОЮУТАН“

Дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог өргөжүүлэх зорилготой хөтөлбөр. Хөтөлбөрийн хүрээнд оюутнуудын голч дүн нь 2.5 байх ёстой.  Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэ. Жилийн хүү нь таван хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш дөрвөн жил хүртэлх хугацаанд эргэн төлөх юм байна.

“САЙН МАЛЧИН”

Малчдын амьдрал, ахуйг дэмжих уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банк болон ХААН банкаар дамжуулан нийт 35470 малчинд 136 тэрбум 353.5 сая төгрөгийн зээлийг жилийн арван хүүтэй олгожээ. Өмнө малчид жилийн 18-24 хувийн хүүтэй зээлд хамрагддаг байсан. Тиймээс энэ зээл нь малчдын амьдралыг сайжруулж, мал аж ахуйн  салбарыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг болж байгаад хөдөөнийхөн ам сайтай байна.

“САЙН ХАШАА”

“Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 107 мянга орчим өрх хашаа байшинд амьдарч байна" гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ярьсан нь бий.

Нийслэлийн айл өрхийн 70 хувийг эзэлж байгаа гэр хорооллыг орон сууцжуулах мөн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үүднээс Ардчилсан намын засгийн үед “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр таван жилийн хугацаатай, сард 100 мянган төгрөгөөс ихгүй буюу хоёр оронтой тоонд багтсан төлбөр төлөхөөр 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой. Хэрвээ 100 мянган төгрөгөөс дээш төлбөр төлөхөөр бол Засгийн газар төсвөөр дамжуулан, нийслэлийн захиргаа хамтарч, 50 хүртэлх хувийг төр болон хот хариуцна гэсэн хувилбараар эхний нэгээс хоёр жилд зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр зохицуулахаар шийдвэрлээд байна.

“САЙН ХУВЬЦАА”

“Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг гаргав. Засгийн газар уг ажлаа "Сайн хувьцаа" хэмээн нэрлэсэн юм.

“Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөөд байгаа билээ. “Сайн хувьцаа”-ны хүрээнд Засгийн газарт зарсан 333 ширхэг  хувьцааны мөнгө болох эхний ээлжийн 100 мянган төгрөг өнгөрсөн даваа гаригаас иргэдийн дансанд орж эхэлсэн билээ.

“САЙН ЭКСПОРТ”

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэг том зорилго бол “Сайн экспорт” хөтөлбөр. Хөтөлбөрийн хүрээнд үйлдвэржилтийг хот, хөдөөгүй өрнүүлж, эдийн засгаа тэлэхээр АН зорьж байна. Тэрчлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг хоёр дахин нэмэгдүүлж, хоёр тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлэх нь “Сайн экспорт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын нэг юм.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж