Наймааны захад энэ удаад арай л тэнгэрт хадсан хэтэрхий гэмээр үнэ ханш дуулдаж, яригдаж байна. “Их буучид”-ын шилдгүүдийн багаа орхих гол шалтгаан юу байсан нь одоогоор тодорхойгүй байна. Дээрх тоглогчид багаа орхивол шинэ “Арсенал” бүрэлдэх юм. Тэр тусмаа чимээгүй байж байгаад юм хийдгээрээ алдартай болоод байгаа “Челси” илүү гэнэтийн бэлэг бэлдэж болох юм. Энэ нь зарим тоглогчдын сэтгэлзүйд шууд нөлөөлж эхэлсэн бололтой. Үүний эхлэлийг Ван Перси тавьж байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр баг нь түүнд ашигтай хэлэлцээр хийж чадахгүй бол “Арсенал”-ыг орхих тухай ярьжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Италийн хоёр клубээс нэлээд өндөр үнийн санал ирсэн байна. Гэхдээ ямар баг болохыг нь одоогоор нууцалж байгаа аж. Тэгвэл “Их буучид”-ын эгнээнээс хасагдах хоёр дахь тамирчнаар Фабрегас тодорч магадгүй нь. Гол шалтгаан нь “Барса” клуб өмнө нь явуулсан үнийн санал дээрээ дахиад 8.5 сая еврог нэмжээ. Харин эзэн хааны баг үүнээс дутаагүй бөгөөд 45 сая еврог Фабрегасын төлөө өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Энэ нь мэдээж “Арсенал”-ын ахлагчид том дарамт болж байгаа биз. Ямартаа ч тэрбээр Лондон дахь байраа үл хөдлөхийн зуучид зарах бүртгэлд хэдийнэ оруулсныг эх сурвалжууд баталсан байна. Тэгэхээр багаа орхих нь тодорхой болж байх шиг. Харин эзэн хаанд зүтгэх үү, каталоны цэрэг болох уу гэдгийг цаг хугацаа харуулах биз. “Арсенал”-ыг орхих магадлалтай гурав дахь тоглогч нь Насри. Түүнийг “Челси” эгнээндээ нэгтгэхээр зүтгэж байгаа. Харин тэдэнд “Улаан чөтгөрүүд” нэлээд саад болж байна. Хэн илүү ашигтай наймаа санал болгосон нь Насрид өөрсдийн өмсгөлөө өмсүүлэх боломжтой. Сүүлийн үед хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байгаа тоглогч бол яах аргагүй Неймар хүү. Гэтэл харамсалтай нь тэрбээр топ багуудад таагүй мэдээ дуулгаж, энэ жилдээ багтаа үлдэх болсноо илэрхийлсэн. Ингэснээр бүх зүйл нь бүтэлгүйтсэн “Реал”, “Челси”, “Ювентус” зэрэг багуудын өрсөлдөөн улам ширүүсэв. Сонирхолтой нь, томчуудын өрсөлдөөн дунд “Наполи”-ийн нэр шинээр дуулдаж эхэллээ. Туркийн “Галацрай” Английн “Их буучид”-д сонирхолтой захидал илгээжээ. Тэд захидалдаа орос жаал Андрей Аршавины төлөө 13.5 сая евро төлөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. “Бирмингем”-ийн хамгаалагч Скотт Данн хэмээх залуугийн төлөө “Ливерпуль”, “Арсенал”, “Челси” зэрэг клубүүд өрсөлдөж байна.