УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Нямдорж, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Ц.Даваасүрэн нар өнөөдөр МАН-ын байранд хэвлэлийн хурал хийлээ.
Тэдний хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Япон улсад дадлагажигч явуулахаар бэлтгэж байгаа нь худал дүр эсгэсэн явдал гэж тус намын нарийн бичгийн дарга Т.Гантулга хэллээ.
Тэрбээр “Японы Элчин сайдын яамнаас зургаадугаар сарын 17-нд байр сууриа илэрхийлсэн. “Японд гадаадын дадлагажигч хүлээж авах тухай хуулийн төсөл Японы парламентад өргөн баригдсан. Өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэн батлах ёстой байсан ч, тодорхойгүй шалтгааны улмаас хойшлогдсон. Ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа ч энэ асуудлаар Японы нийгмийн дунд зөрчилдөөнтэй байгаа тул хэзээ батлагдах нь тодорхойгүй байна. Харин уг хууль парламентаар батлагдсан тохиолдолд гэрээний асуудал яригдаж, хэдэн хүн гаргах, хэрхэн ажиллуулах нөхцөл бололцоог ярилцах болно” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ “Японд ажилтан гаргана гэдэг бол сонгогчдын саналыг авах зорилгоор хийж буй хуурамч зүйл болж хувирлаа. Хууль нь батлагдаагүй байхад Японд яриа хэлэлцэл хийнэ гэж байхгүй. Ийм юм анх удаа монголд гарч байгаа юм биш. 2008 онд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан Д.Батбаяр 2000 ажилтан гаргана гэж амлаад УИХ-ын гишүүн болсон. Гэтэл нэг ч хүн гаргаагүй. Хоёр улсын харилцаанд сэв суулгах мэдээлэл хийж байгаад харамсаж байна” гэлээ.
Т.НОМИН