О.Амартүвшин бол өнөөдөр Булган нутгийнхны анхаарлыг хамгийн их татаж буй хүчирхэг манлайлагч залуу. Нийгмээрээ шинэ төрх хүсч буй энэ үед О.Амартүвшинг УИХ-д нэр дэвшиж буйг Булганчууд талархан хүлээн авсан.
Хишиг-Өндөрийнхөн уугуул нутгийн унаган хүүгийнхээ үгийг сонсохоор хүсэн хүлээж байлаа. О.Амартүвшинг дэмжихээр энэ нутгаас төрж гарсан улс төр, бизнес, спорт, урлагийн алдартнууд ч энд байв. Булган аймгийн Засаг дарга, Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат нэр дэвшигчээ дэмжиж, бүх сум, багаар хамт явж байна. Тэрбээр хурлыг нээж хэлсэн үгэндээ: “Энэ хүнд нутгаа гэсэн сэтгэл бий. Улаанбаатар хотод суудаг Булганчууд Амартүвшиндээ итгэж байгаа. Ийм учраас О.Амартүвшинг Ардчилсан нам та бүхэнд илгээж байна” гэв. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга “Нутгийн хүүд урвах сэтгэл гэж байхгүй. Буух эзэнтэй, буцах хаягтай ийм хүн биднийг төрд төлөөлөх учиртай” гэв. Иргэд ч энэхүү саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Хишиг-Өндөр сумынхан малын гаралтай түүхий эдийн ханшийг тогтвортой барьж, боловсруулалтыг нэмэгдүүлж малчдын үнэлэмжийг сайжруулахад төрийн бодлого чухлыг сануулж байв. Хонины нэхийгээр ганц хуушуур авч дөнгөхгүй болсонд малчид бухимдаж байв. Иймээс Монгол Улс дан ганц уул уурхайн орлогоос хамааралтай байж болохгүйг Хишиг-Өндөрийнхөн сануулав. Тиймээс Ардчилсан намын үйлдвэржүүлэх бодлогыг тууштай үргэлжлүүлж, малын голлох түүхий эдийн ханшийг өсгөх, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлийн бодлогыг дэмжиж буйгаа иргэд, малчид илэрхийлсэн. Ирээдүйд босоо тэнхлэгийн дагуу замтай Хишиг-Өндөр сумын төв холбогдох найдлага тээсээр байгаагаа ч иргэд дуулгав. Түүнчлэн бусад сумын нэгэн адил энэ нутагт суурин амьдрах залуусын тоо эрс цөөрчээ. Манай суманд ажиллаж, амьдрах залуу хүн алга, бүгд л хот суурин бараадсан. Ажилгүй хэдэн ахмад л сумын төвд сууж байна гэцгээв. Иргэн Э.Баярчимэг: “Тогтмол ажлын байртай байвал сум хөгжинө. Ингэхийн тулд залууст сум, аймагт ажлын байр бий болгох, бизнесийг дэмжих чухал” гэж нэр дэвшигч О.Амартүвшинд хандаж хэллээ.
Эх сурвалж: Нэр дэвшигч О.Амартүвшингийн сонгуулийн штаб