Шинээр 86 км замтай болжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

Шинээр 86 км замтай болжээ

Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нийт 86 км зам шинээр баригджээ. Ингэснээр гэр хорооллын өмнө тулгардаг байсан шороон замын асуудал шийдэгдсэн байна. Тухайлбал, 21-р хороо буюу 61 гармын шороон замыг хатуу хучилттай  болгож шинэчлэн барьснаар иргэдийн цаг завыг хэмнэж, Улаанбаатар хот руу авто машинтайгаа давхин ороход саадгүй болж, оршин суугчид сэтгэл хангалуун байна. Хатуу хучилттай авто зам тавигдаагүй байхад 61-н гармаас хот руу ороход шороон замаар бүхэл бүтэн 1 цагийг зарцуулдаг байсан бол одоо 15 минут хүрэхгүй хугацааг зарцуулдаг болжээ. Шинэ зам тавихаас өмнө тухайн замаас болж машины эд анги байнга эвдэрч эдийн засгийн хохирол учруулдаг байсан тухай жолооч нар ярьж байгаа юм. Харин замаа шинэчлэгдсэнээр машиных нь элэгдэл хорогдол эрс багасжээ.

Хатуу хучилттай авто замыг барихад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг ашигласан юм байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр бүтээлтэй бүтээн байгуулалтад зарцуулж чадсан дүүргийн Засаг дарга М.Чинболдод иргэд сэтгэл хангалуун байна.

938868,1 тонн хогийг цэвэрлэж  чаджээ

Хүн ам хамгийн олонтой, шилжин суурьшигч олонтой дүүрэг бол Сонгинохайрхан.  Тус дүүрэг нь 32 хороотой, эрүүл аюулгүй байдалд занал хийсэн  30-н жил хураагдсан хур  их хогны асуудал олон засаг дамжин яригдсаар ирсэн. Тэгвэл сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дүүргийн хэмжээнд хур их хогны асуудлыг шийдэж чаджээ. Тухайлбал, 2014 онд 783733,3 тонн хогийг цэвэрлэсэн бол  2015 онд 938868,1 тонн хогийг цэвэрлэж хоггүй дүүрэг болж чаджээ.

Баянхошууны Зүүн баян уул буюу 10-р хорооны оршин суугчид хогон дунд амьдардаг байв. Урин дулаан болоход үнэр танар нь оршин суугчдын тав тухыг алдуулж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл дагуулдаг байв. Энэ асуудалд дүүргийн Засаг дарга онцгой анхаарч, өнгөрсөн дөрвөн жилд хоггүй дүүрэг болох зорилт тавин ажилласнаар одоо дүүргийн хэмжээнд хур хог байхгүй болж, сар тутамд хоёр удаа хог ачдаг болжээ.

Мөн иргэдийн хэлж байгаагаар хог байсан газар хүүхэд залуус чөлөөт цагаа цэвэр орчинд ая тухтай өнгөрүүлэх таатай боломж олгосон бүтээн байгуулалтыг дүүргийн Засаг даргын санаачилгаар ажил хэрэг болсон байдаг аж.

46 байршилд 56200 урт гэрэлтүүлэгтэй болжээ

Нийслэлд оршин сууж байгаа иргэдийн 80 хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Гэр хороололд амьдарна гэдэг амаргүй. Шөнө оройн цагаар гэртээ очиход харанхуй гудамжаар алхахад дээрэмдүүлэхээс эхлүүлээд эрсдэл ихтэй. Тэгвэл энэ асуудалд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга анхаарч, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гэр хорооллуудаа гэрэлтүүлэгтэй болгох ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдэж чаджээ. Дөрвөн жилийн өмнө тус дүүрэг 8,2 метр урттай гэрэлтүүлэгтэй байсан бол одоо 46-н байршилд 56200 метр урт гэрэлтүүлэгтэй болсон байна.

Иргэд энэ тухай “Сонгинохайрхан дүүрэг  өмнө нь  гэрэлтүүлэггүй байхад гудамж талбайд иргэдийг дээрэмдэж  гэмтээх  гэмт хэрэг их гардаг байсан. Өвлийн улиралд эрт гэгээ тасардаг, гэтэл ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид харанхуй гудамжаар гэртээ харьж явахдаа дээрэмдүүлдэг байсан. Одоо бол энэ байдал үгүй болоод байна. Харанхуй гудамжийг гэрэлтүүлэгтэй болгож өгсөн дүүргийн Засаг даргадаа баярлалаа” гэж ярьж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж