Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

Хат суусан Тэмүүжин

ХӨРӨГ

“Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа”. Хавтасныхаа ар дээр ийм үгтэй жижиг номыг арав гаруй жилийн өмнөөс залуус дамжуулан уншиж байгаа. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Х.Тэмүүжинг “Үгс” номоор нь хүмүүс мэдэх болжээ. Халдашгүй дархан хувийн эрх чөлөө, түүнийг хамгаалах шударга тогтолцоог сурталдсан либертари үзэлтэй бид тэгж л танилцсан. Хууль зүйн сургуулийн 306 тоот өрөөнд оюутан дүүрэн, үзэл бодлын халуухан маргаан өрнөж ирснийг шавь нар нь санаж байгаа. Хариу хайсан хэнд ч багширхаад байдаггүй Х.Тэмүүжин анхаарал татахуйц өнцгөөр яриа өрнүүлдэг болохоор сонсох хүсэлтэй оюутан захаас аван. Гэхдээ мэдэмхийрэхгүй, мэддэг сэдвээ л ярина. Ийм нэг багш, судлаач залуу 2008 онд Баянгол дүүргээс сонгогдон УИХ-д орж ирж байлаа. Түүний хоёр удаагийн сонгуульд оюутан залуучууд итгэл үнэмшлээрээ тусалсан юмдаг. Х.Тэмүүжинг тойрон хүрээлдэг мэдлэг чадвартай залуус түүнийг улстөрч болоод идеалаасаа ухарсан гэж боддоггүй юм билээ. Зорьсондоо хүрнэ гэдэг итгэлээр олон залуу одоо ч араас нь яваа.

Тэр үед МУИС-ийн философийн багш, доктор Ц.Батчулуун түүнийг үзэл бодлоосоо урвалаа гэж хурцхан шүүмжилсэн. Монголын либертаричуудын туг болсон нэг залууг улс төрд алдсандаа Ц.Батчулуун багш бухимдсан байх. “Улстөрч баялаг бүтээдэггүй. Либертари үзэлтэй хүн улс төрд таарахгүй. Төр бол дотор нь орсон ямар ч хүнийг эвдээд хаячихдаг механизм” гэж хэлсэн нь түүнийг улс төрөөс харамласан аястай сонстоно. Харин Х.Тэмүүжин“Либериализм бол үзэл санаа. Үүнийг өрсөлдөөнд оруулахгүй бол энэ үзэл санаа улс төрийн гадна хоцорно. Улс төр бол энэ нийгэмд шийдвэр гаргадаг механизм. Тэр механизмд үзэл санаагаа тусгаж чадахгүй бол бид төр засгаас хувь хүний эрх чөлөөг хүндэтгэсэн, хүлээн зөвшөөрсөн, эсвэл бизнесийн таатай орчин бүрдүүлсэн шийдвэр гаргуулж чадахгүй” гэв. Найман жилийн өмнөх онолын маргаан Х.Тэмүүжинг “Сайн барилдаарай” гэж хонгон дээр нь алгадсан төдий хэрэг байлаа. Хожим хавьгүй хатуу сорилттой таарна гэдгээ өөрөө ч мэдээгүй, бид ч тааварлаагүй.

Зургаан жилийн өмнө “Шүүх эрх мэдлийн шинэтгэл ба шударга ёс” чуулган дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хууль зүйн яам шударга ёсны яам байх ёстой. Хууль зүйн сайд нь шударга ёсны сайд байх ёстой” гэсэн. Шударга ёс гээч хувь хүний байр суурь огтоос биш. Хуулиар тогтоосон хэм хэмжээний тухай яриа. Харин шударга байгаа эсэх нь хуулийн хэрэгжилтээс шууд харагдана. Тиймээс нийгэмд шударга ёс тогтооё гэвэл Хууль зүйн яам нь, яамны сайд нь манлайлах учиртай.

Ингээд Х.Тэмүүжин Монгол Улсын хууль зүйн салбарыг дөрөв, найм, 12 жилээр харж төлөвлөсөн бодлогоо танилцуулж ажилдаа орсон. Шүүх, прокурор, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, гадаадын иргэн харьяатын алба, иргэний бүртгэлийг хамарсан цогц өөрчлөлт тусгагдсан байлаа. Хуулийн болоод бүтцийн өөрчлөлтийг зэрэг хийж гэмээн сая үр дүн гарах учиртай. Хуульд асуудал их байсан. Ухаан нь, бид эрүүгийн хэргийг Захиргааны хариуцлагын ба Эрүүгийн хуулиар зэрэг шийдвэрлэж ирсэн. Адилхан хэрэгт тэнгэр газар шиг ялгаатай шийтгэл оноох боломжтой байсан. Хулгай хийсэн жирийн иргэн таван жил шоронд суухад төсвийн мөнгийг тэрбумаар нь шамшигдуулсан дарга торгууль төлөөд мултрах гарц хуулинд байлаа.

Х.Тэмүүжингийн эхлүүлсэн өөрчлөлт юун түрүүнд хуулийн ийм цоорхойгоор мөнгө олоод сурчихсан бүхэл бүтэн давхаргын эрх ашгийг шууд хөндсөн юм. Өнөө хэр бидний санаанд яваа муу муухай нэр хоч болгоныг тэр үед түүнд наажээ. Олон жил сайд дарга явснаа боловсрол гээд ойлгочихсон, өөрсдийгөө шударга ёсны хэмжүүр мэтээр сэтгээд сурчихсан хэсэг бүлэг, эрх ашиг нь хөндөгдсөн офицеруудтай хүч хавсрахаараа ямар аюул тарьдгийг бид мэдэж авсан. Хүссэн зүйлээ хийлгэж чадаагүй бизнесийн бүлэглэл түүнийг ангуучилсан.

Х.Тэмүүжин алдаа гаргасан л даа. Олон хуулийг зэрэг шинэчлэх боловсон хүчнээ тооцолгүй зэрэг зэрэг эхлүүлсэн. Асуудлынхаа хариуг олоод харчихвал шууд зүтгэчихдэг гөжүүд зандаа өөрөө үрэгдсэн тал бий. Удалгүй сайдын суудлаа өгсөн ч эхлүүлсэн ажлаа дутуу орхисонгүй. Халааг нь авсан Д.Дорлигжавтай муудахдаа муудаж, сайдахдаа сайдаж, УИХ-ын гишүүдэд хууль зүйн шинэчлэлээ ухуулан сэнхрүүлсээр зорилгодоо харин хүрсэн. Одоо эргээд харахад өнгөрсөн бүхэн энэ улстөрчийн эдлэх л ёстой нажид байсан. Улс төрийн өршөөл энэрэлгүй хилэнт гал хүнийг ган шиг хатаадаг.

Өнгөрсөн дөрвөн жил Х.Тэмүүжингийн амьдралд хамгийн сайн сургууль болсон. Ямар ч ном судраас олж уншихгүй зүйлээ амьдрал дээр сураад авлаа. Хүн бодлоготой байх нэг хэрэг, бодлогоо хэрэгжүүлэх нэг хэрэг гэдгийг арьс махаараа мэдэрсэн. Хүн үзэл санаатай байх нэг хэрэг, үзэл санаагаа бусдаар хүлээн зөвшөөрүүлэх бас өөр хэрэг гэдгийг баттай ойлгосон. Үзэл санаагаа бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд түүнийг олж авснаасаа илүү бэрхшээл туулдгийг бас ухаарсан. Асуудлыг хэтэрхий төгс шийдэх гэж зүтгэснээсээ болоод том зүйлээ жижиг маргаанаар унагаж орхидгийг ухамсарласан. Өөрөө бизнес эрхэлж байсан хүмүүс улс төрд ороод бизнесийн эрх чөлөө, бизнесийн таатай орчны тухай ярихын оронд бусдын бизнесийг хэрхэн булааж, тонож дээрэмдэж байгааг хангалттай харсан. Улс төрийн эрх мэдлээр дамжуулан зах зээлийн өрсөлдөөнөө шийдэх гэж оролддог нөхөдтэй олон ч тулсан. Одоо л тэдэнтэй тэмцэх хэрэгтэй. Түүнээс үүнийг л хүлээж буй бизнесмэн олон бий, бид ч бас шаардах ёстой.

Өнгөрсөн хорь гаруй жилд монголчууд нийгмийн тогтолцоогоо өөрчилсөн. Олон намтай, ардчилсан сонгуультай, иргэд нь төрөө сонгодог боллоо. Эдийн засгаа чөлөөлж жам ёсны буюу зах зээлийн замд нь оруулсан. Хүн хувьдаа хөрөнгөтэй, бизнестэй байхыг зөвшөөрлөө. Энэ хоёр салбар агуулгаараа өөрчлөгдсөн. Харин энэ шинэ нийгмийн шинэ харилцааг зохицуулах ёстой хууль эрх зүйн салбар нь ул суурьтай өөрчлөгдөлгүй өдий хүрч. Өөрчлөлтийг хийнэ гэдэг нэг, хоёр хууль өөрчилснөөр бүтчихдэг зүйл биш. Асуудлыг цогцоор нь харсан иж бүрэн шинэчлэл хийхийн тулд маш олон хуулийг шинээр бичих, өөрчлөх шаардлага гарна. Хууль бүхэн хэн нэгний эрх ашгийг хөндөж таарна. Тэр тоолонд өөрчлөлтийг эсэргүүцэх, өөрчилж байгаа хүнтэй нь тэрсэх хандлага хаа сайгүй л гарна. Үүнийг нь зарим нь “хуулийг салбарыг бужигнуулсан” гэж ярьдаг юм. Арав, хорин жил хөндөгдөөгүй салбарыг хөндөөд, хөдөлгөөд ирэхээр тоос шороо босч, хог новш гарч л таарна. Үүнээс нь цэрвээд Ц.Нямдорж ч, Ц.Мөнх-Оргил нь ч энэ салбарт гар хүрч зүрхлээгүй юм. Харин Х.Тэмүүжин гэдэг хүн өөрийгөө золин байж үүнийг хийсэн.

Эрх мэдэлд хүрэхийн тулд сайхан ярьж, сайн зүйл амлах хүн олон. Эрх мэдэлд хүрсэн хойноо хэлснээ мартдаг, хийх байснаа үгүйсгэдэг бол далавчтай мөртөө нисдэггүй шувуутай адил. Тиймээс хэлснээ хийж, хийснээ хариуцаж чадах нь Х.Тэмүүжингийн зарчим. “Эрх мэдлийг амин хувийнхаа эрх ашиг гэж хардаг нөхөд улстөрд байсаар байгаа цагт үзэж тараад л байна даа” гэнэ. Үүнийг харин ч нэг чадах нөхөр. Хормойноос нь чирэгдээд, хөлд нь дэгээ тавиад ч болтугай бууж өгөхгүй юмдаг. Тулбал тулаад, хаявал хаяад явчихаж болдог дайсантайгаа яаж ч харилцсан дөнгөнө. Харин хайртай хүмүүсийн харилцаа өөр. “Хайртай хүмүүстэйгээ тулалдаж болохгүй, хайртай хүмүүсээ хаяад явж бүр болохгүй” гэж хэлээд Х.Тэмүүжин үгээ төгсгөв. Энэ үгийг сонсоод хүн хэдий хал үзэж, хатуужсан ч хүнээрээ үлдэх нь сайхан юм даа гэдэг бодол төрж билээ.

Д.БАТБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж