Хуульч Д.Нандинцэцэгтэй Сонгуулийн хууль, маргааны талаар ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна.
–Сонгуулийн өрсөлдөөн ширүүн, маргаан их байх шиг байна. Хуульчид ажил ихтэй байна уу?
Хуульчдаас зөвлөгөө, туслалцаа авах эрэлт хэрэгцээ энэ удаа бодож байснаас хамаагүй их байна. Сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн нам, нэр дэвшигчид бүгд хуульч ажиллуулж байна. Хуульчид сонгуулийн хуулийн талаар лавлагаа, мэдээлэл өгнө, эрх зүйн гарын авлага бэлтгэнэ, сургалт зохион байгуулна, өрсөлдөгчийн үйл ажиллагаанд мониторинг хийнэ, гомдол, өргөдөл бичнэ гээд ажил мундахгүй шүү. Хуульчид багаар голдуу ажиллаж, зарим нь өдөржин утсаар зөвлөгөө өгөх жишээтэй.
-Нууц биш бол ямар намд зөвлөгөө өгч байна вэ?
Үйлчлүүлэгчийн нууц гэж эрхэм зүйл хуульч хүнд байдаг. Хуульчийн хувьд бүх л хүнд тэгш үйлчлэх үүрэгтэй учраас тэр энэ намынх гэхгүйгээр санал тавьсан хүн бүрт зөвлөгөө өгч байгаа. Гэхдээ нэг тойрогт өрсөлдөж байгаа хүмүүст зэрэг зөвлөгөө өгөхөөс татгалзаж байна.
-Сонгуулийн хуулийг хэрэглэхэд маргаантай, ойлгомжгүй зохицуулалт их байна гэж яриад байх юм. Үнэхээр ийм байна уу?
-Тийм. Хуульд эргэлзээтэй, салаа утгатай, гурван хуульч байхад гурван янзаар ойлгож тайлбарлах, зөрчилтэй зүйл, заалт нэлээд байна. Маргаан зөрчил сонгууль дөхөх тусам улам ихсэх, цагдаа, шүүхийн ачаалал ч нэмэгдэх байдал ажиглагдаж байна. Мөн сонгуулийн хороодын шийдвэртэй холбоотой маргаанууд шүүхэд их очиж байна.
-Яагаад ийм хууль батлагдчихаж байгаа юм бол. Өмнө нь олон удаа сонгууль болсон. Энэ удаагийн хуулийг их л удаан хэлэлцэж баталсан даа?
-Сонгуулийн нэгдмэл хуультай болсон, зохицуулалтыг нарийвчилж хариуцлагыг хатуу чанга болгосон зэрэг ахиц гарсан. Гэхдээ сонгуулийн хуулиудыг хэт механикаар нэгтгэж, хоорондын уялдааг бодолцоогүй, үндсэн хуультай нийцүүлээгүй зэрэг байдлаар хууль тогтоогчид хуумгай хандаж. Улс төрийн намууд хуулийн төсөл боловсруулах ажилд оролцох боломж төдийлөн байгаагүй. Хугацаанд шахагдаж 2016 он гарахаас өмнөхөн яаруу сандруу хуулиа баталсан. УИХ-ын ажлын хэсэг, Р.Бурмаа гишүүн ахлан ажилласан төслөө сайжруулах, зөрчил маргаан шийдвэрлэх арга замыг оновчтой сонгох талаар тун хариуцлагагүй, гарын үзүүрээр хийсэн байна. Түүнчлэн Цэцийн шийдвэрийн улмаас сонгууль болохоос сар гаруйхны өмнө, бүр нэр дэвших ажиллагаа эхэлчихсэн байхад хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн цэвэр мажоритар тогтолцоо буюу жижиг 76 тойрогт нэр дэвших хувилбарыг гэнэт сонгосон нь хууль хэрэглээний олон асуудал, маргаан дагуулах гол шалтгаан болж байна.
-Саяхан сонгуулийн зөрчилтэй холбоотой 600 гаруй өргөдөл гомдол шалгаж байгаа тухай цагдаагийн газраас мэдээлсэн. Эдгээр маргаан цааш яаж үргэлжлэх бол?
-Ихэнх маргаан шүүх рүү, тухайлбал захиргааны хэргийн шүүх, эрүүгийн хэргийн шүүхэд очно. Сүүлийн хэдэн хоногт сонгууль задгайрч, өмнөх сонгуультай адил хариуцлага хүлээхгүй, торгуулсан болоод сална гэсэн улайрсан нэр дэвшигчид цөөнгүй байна. Мөн сонгуулийн хуульд ч их асуудал байна, хууль баталсан хүмүүст ч бас учир байна. Энэ бүх асуудал шүүх дээр ирж хагарах, магадгүй Үндсэн хуулийн Цэц рүү очих төлөвтэй байна. Цагдаа, шүүхээ сонгууль, улс төрийн маргаандаа ийнхүү татан оролцуулчхаад дараа нь шийдвэрийг нь элдвээр буруутгаад, хүлээн зөвшөөрөхгүй улс төржүүлэх аюул байгаа. Энэ сонгууль шүүхийн хувьд том сорилт, шалгалт болно.
-“Царцааны нүүдэл” хэрээс хэтэрлээ гээд зарим нам, нэр дэвшигчээс мэдэгдэл шаардлага гаргаад эхэллээ. Энэ асуудлыг хуулиар зохицуулсан уу?
-Хуулиар зөвшөөрч зохицуулсан. Одоо яаж ч хашиграад нэмэргүй биз. Сонгуулийг томсгосон тойргоор явуулах нөхцөлд энэ нь асуудалгүй байсан. Харамсалтай нь, хуульд өөрчлөлт оруулж жижиг тойргийг сонгохдоо үүнийг засаж зохицуулахаа орхигдуулсан бололтой. УИХ-ын гологдол бүтээгдэхүүний нэг жишээ.
-Ингэхэд сонгуулийн хороод ямар эрх мэдэлтэй байна вэ, зарим зөрчил маргааныг шууд зохицуулаад шийдвэрлэж болохгүй юм уу?
-Сонгуулийн хороо өөрийн шийдвэртэй холбоотой гомдлыг шийдэх боломжтой. Харин маргаан шийдвэрлэх эрх хэмжээ бараг байхгүй. Бүх маргаан цагдаа, шүүх рүү очихоор зохицуулсан. Уг нь зарим маргааныг сонгуулийн хороо өөрөө шийдэхээр бол зохистой баймаар. Журам, зөвлөмж гаргах боломжийг ч хуулиар тодорхой заах байсан юм. Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан саяхан зургаадугаар сарын 8-нд арга зүйн зөвлөгөө гэгч албан бичиг ирүүлж, зурагт самбар, түүнийг тээврийн хэрэгсэл дээр байрлуулах хуулийн зохицуулалтыг өөрөөр ойлгохоор болгочихлоо. Энэ зөвлөгөөнөөс болоод зарим нэр дэвшигч, менежерүүд том зураг нааж болно, хуульчид болохгүй гээд маргалдах зүйл гарсан. Одоо зөвлөгөөний дагуу л ихэнх сурталчилгаа явж байна. Хэрэв шүүхэд маргаан үүсвэл зөвлөгөөг биш, хуулийг баримтална даа.
-Энэ удаагийн сонгуулийн үр дүн шүүхийн шийдвэрээс их хамаарахаар юм шиг сэтгэгдэл таны ярианаас төрчихлөө. Зөв үү?
-Үгүй дээ. УИХ-ын сонгуулийн 76 тойрог, аймаг, нийслэлийн 22 тойрог байгаа, цөөн хэсэгт нь ийм байдал үүсэх биз дээ. Сонгуулийн үр дүн сонгогчдын чөлөөт саналаар тодорхойлогдох ёстой юм. Сонгууль шударга бус, нэр дэвшигчид хууль зөрчсөн эсэх маргааныг шүүхээс шийднэ. Гол нь өмнө хэлсэн шиг хууль зөрчсөн улс төрийн хүчин, нэр дэвшигчид шүүхийн процессыг улс төржүүлж хариуцлагаас зугтах, сонгуулийн хороо нь өөрөө улс төржих, шүүхийн шийдвэрээ биелүүлэхгүй бөөрөнхийлөх эсхүл туйлшрах зэргийг гаргуулж болохгүй. Үүнд хэвлэл мэдээлэл тун чухал үүрэгтэй шүү.
Л.ХАЛИУ