Цахилгааны мөнгөө тушаагаад 20 саяын азтан болжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

Цахилгааны мөнгөө тушаагаад 20 саяын азтан болжээ

  • Улсын их хурлын /УИХ/ болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөх болон эхэлсний дараах үеийн мэдээлэлд Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс мониторинг хийж байгаа юм. Судалгааг энэ сарын 27-ны өдрийг хүртэл хийх юм байна. Харин мониторингийн явцын мэдээллийг өчигдөр өглөө. Судалгааны дүнгээс үзэхэд сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн давтамж харьцангуй бага байгааг харуулж байна. Иргэд аль нам эвсэл, нэр дэвшигчид санал өгөх вэ, хэрхэн санал өгөх зэргээр сонгогчид саналаа өгөхөд нь туслахуйц сэтгүүлзүйн даацтай бүтээл ховор байгааг дурьдсан юм. Хэдий тийм ч сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг тогтмол хүргэх үүргээ гүйцэтгэж байгаа хэмээн дүгнэжээ. 


  • УИХ-ын 72 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч З.Баянсэлэнгэ өчигдөр Монголньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд түүний өмгөөлөгч болон гэр бүлийнхэн оролцсон юм. УИХ-ын 72 дугаар тойрогт нэр дэвшигч З.Баянсэлэнгэ хэлэхдээ “Намайг "садар самуун явдалтай хүүхэн" гэж бичсэн байна лээ. Намайг гүтгэх, доромжлох энэ үйл ажиллагааг Н.Учрал зохион байгуулж байна гэж үзэж байгаа учраас холбогдох байгууллагуудаар нь шалгуулна. Би өдийг хүртэл дуугүй л байсан” гэжээ.


  • Өчигдөр дэлхийн өнцөг булан бүрт, Олон улсын олимпийн хорооны гишүүн 206 орон “Олимпийн өдөр”-ийг ёслон тэмдэглэж, олимпизмийн сэдэв дор соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж өнгөрүүллээ. Монголын үндэсний олимпийн хороо энэхүү өдрөө “Olympic house”-ын гадна талбайд тэмдэглэж, олимп, дэлхийн аварга олон тамирчид оролцлоо.


  • УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан хуваарийн дагуу өчигдөр гурван байнгын хороо хуралдах ёстой байлаа. Гэвч нэг нь буюу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, батлан хамгаалах салбартай холбоотой хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Эл асуудлыг хоёрхон гишүүний ирцтэйгээр буюу УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар оролцож хэлэлцсэн юм. Тэднээс гадна цөөн тооны гишүүн ирсэн гэж байгаа боловч картаа ирцэнд оруулж, бүртгүүлснээс биш биечлэн хуралдаанд оролцоогүй байна.


  • 2016 оны нэгдүгээр сараас хойш нийслэлд 119 тээврийн хэрэгслийн хулгайн хэрэг гарчээ. Сүүлийн үед машины хулгай нэмэгдэх хандлагатай байгаа талаар өчигдөр цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Тэгвэл машин болон машины эд анги хулгайлдаг хэд хэдэн бүлгийг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байгаа аж.


  • Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажлын хүрээнд  Наадамчдын зам дагуу авто зам дагасан шороон далангуудын 11635 м2 талбайд эко  хавтан суурилуулах, 1227 м2 талбайг зүлэгжүүлэх  ажил хийж байна.


  • Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын гишүүд, дэмжигчид өчигдөр /2016.06.23/ Монголньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй Д.Тэрбишдагва МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж МАН-д орсон явдлыг шүүмжиллээ. Мөн Д.Тэрбишдагва нь урвагч, эрх мэдэлд шунагч, итгэл даадаггүй, ирээдүйгүй учраас түүнийг сонгохгүй байхыг МАН, МАХН-ын гишүүд дэмжигчдэд уриалж байна гээд гаргасан мэдэгдлээ танилцуулсан юм.


  • Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/-ын хуулийн дагуу сард хоёр удаа явуулж буй сугалааны тавдугаар сарын хонжвороос Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Б.Авирмэд 20 сая төгрөгийн азтан болжээ. Тэрбээр цахилгааны мөнгөө тушаагаад баримтаа бүртгүүлсэн нь ийнхүү азтан болгосон байна. Б.Авирмэд болон түүнтэй адил азтан болсон иргэд өчигдөр /2016.06.23/ Гааль татварын ерөнхий газраас батламжаа гардан авсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж