АН-ын хөтөлбөр биелэх боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

АН-ын хөтөлбөр биелэх боломжтой юу?

2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг эдийн эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс судлан шинжилж, дараах санал дэвшүүлснийг хүргэж байна.


АН эдийн засгийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх тохиолдолд биднийг чухам юу хүлээж байна вэ гэдгийг мэдэж, баримжаа авахын тулд эдийн засагч хүний хувьд АН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг уншлаа.

МАН-ын  хөтөлбөрөөс ялгаатай нь ирэх дөрвөн жилд эдийн засгийн өсөлтийг хангахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх гэж байна гэдгийг АН тодорхой гаргасан байна. Үүнд: нэгдүгээрт, үйлдвэржүүлэх бодлого, хоёрт, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх, гуравт нь ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийг, дөрөвт нь аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх бодлого дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, уламжлалт салбаруудаа хөгжүүлэх. Хэрхэн яаж хөгжүүлэх гэдгийг 42 заалт бүхий бие даасан нэг бүлэгт тайлбарласан байна.

Жишээлбэл, ган, зэс, нүүрс-хими, нефтийн гэсэн 4 чиглэлийн суурь аж үйлдвэрүүдийг тухайн бүс, аймгийн онцлог, байгалийн нөөцөд тулгуурлан үе шаттайгаар 2020 он хүртэлх хугацаанд байгуулна гэсэн байна. Маш энгийн тооцоо хийхэд, Таван Толгойн хэмжээний 4 үйлдвэр барихад хамгийн багадаа тус бүр 1-1,8 их наяд төгрөг гэж үзвэл 4-7.2 их наяд зарцуулах шаардлагатай болно.

Манай улсын одоо байгаа төсвийн нийт татварын орлого 4.47 их наяд төгрөг. Үүнээс 840 тэрбум төгрөгийн орлого тасалдсан байгаа. 2020 он гэхэд эдгээр үйлдвэрүүдийг барьж дуусгах санхүүжилтийн эх үүсвэр тун тодорхойгүй.

Орчин үед дэлхийн хөгжил 4 дэх хувьсгалын үе шатандаа орж байна. Эхлээд хөдөө аж ахуй, үйлдвэржилт, мэдээлэл технологийн хувьсгалын эрин үеүүдийг туулсан бол одоо роботын, хиймэл оюун ухааны үе шатанд ирсэн. Монгол Улс  ирэх дөрвөн жилд хоёрдугаар үеийн хувьсгал дээр л голчлон төвлөрч байна, нэмж хөгжүүлэх нэг салбараар АН мэдээлэл холбоо, нано, биотехнологийг сонгож төлөвлөж байгаа юм байна.

Эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн хувьд төрийн зохицуулалт, төрийн санхүүжилтийн бодлогыг түлхүү барих нь. Тухайлбал, олон олон үйлдвэр барих нь, олон хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь. Үүнд олон жил ярьж байгаа аж үйлдвэрийн паркийг Сайншандад байгуулна. Энэ паркад кокс боловсруулах үйлдвэр, бензин, шингэн байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр, зэс боловсруулах үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр, шаардагдах дэд бүтэц, цахилгаан станц, төмөр замын өртөө, автозам барих юм байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг шинэчилж, хүдэр баяжуулдаг үйлдвэр болгох юм байна. Олон жил ярьж байгаа “Замын Үүд” эдийн засгийн чөлөөт бүс, “Алтанбулаг” болон “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсүүдийн дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгах, нэмж  “Чойр” ложистикийн төвийн эхний ээлжийн дэд бүтцийг барьж, байгуулах юм байна.  

Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц байгуулах, Улаанбаатар хотод 5-р цахилгаан станцын эхний ээлжийг ашиглалтад оруулах юм байна. 

Нэмж Сайн малчин, Сайн экспорт, Сайн бизнес, Сайн оюутан, Сайн хашаа гэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Одоогоор засгийн газар төсвийн орлого нь тасалдаж байгаа тул Төв банкнаас эдгээр Сайн малчин, Сайн оюутан, Сайн хувьцаа зэрэг хөтөлбөрүүдийг 250 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа. Энэ хэвээр үргэлжлүүлнэ гэвэл 250-300 тэрбум  орчим зардал жилд гарна.

Уул уурхайн бодлого дээр нэлээн хатуу бодлогыг хэрэгжүүлэх нь, төр үргэлж өндөр хувьтай, оролцоотой байх төлөвтэй. Тухайлбал, ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгодгийг болиулж Засгийн газар өөрөө олгодог болох, хуулийн этгээдийн эзэмшиж болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоонд тодорхой хязгаарлалт тавих, уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах хууль батлуулах гэх мэт.  Төрийн эдийн засагт оролцоо ойрын дөрвөн жилд буурахгүй бололтой.

Төсвийн бодлогын хувьд улсын төсвийн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн эзлэх хувийг 40-өөс илүүгүй байлгах, төсвийн алдагдлыг нэмэхгүй байх хөтөлбөртэй байгаа бөгөөд уул, уурхайн баялгийн орлогоос баялгийн сан байгуулж, сангийн 60 хүртэлх хувийг ирээдүйн тэтгэврийн сангийн нөөц болгоно гэсэн шинэ төлөвлөгөөг оруулсан байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд энэ талаар маш тодорхой зааж өгснийг өнгөрсөн дөрвөн жилд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ баримтлаагүй уг нам ирэх дөрвөн жилд үнэхээр төсвийн сахилга баттай байж чадах уу гэдэгт эргэлзэх хүмүүс болон байгууллагууд олон байна.

Мөнгөний бодлого, зээлийн хүүг бууруулах талаар баримтлах бодлогын хүрээнд өнгөрсөн 4 жилд явуулж ирсэн мөнгөний бодлогын шинэчлэлээ үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна. Бодлогын шинэчлэлийн хувьд уламжлалт бус мөнгөний бодлого хэрэгжүүлсэн. 2012-2014 онд Монгол Банкнаас засгийн газартай хамтарч Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж 4-5 орчим их наяд төгрөгийг манай улсын хэрэглээний сагсанд ихээхэн жин эзэлдэг мах, буудай, бензин шатахууны үнийг тогтвортой түвшинд барихад зарцуулсан. Энэ бодлогыг үргэлжлүүлэх тохиолдолд яваандаа үнийг зах зээл биш, төрийн бодлогоор тогтоодог жишиг тогтох, инфляцын түвшин өсөх аюултай.

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх талаар Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн бүтээмж, ур чадварт суурилсан цалин хөлсний тогтолцоонд шилжинэ гэсэн байна. Төрийн Тусгай  (ТТ), TЗ (Төрийн захиргаа), ТҮ (Төрийн Үйлчилгээний) гэсэн цалингийн шатлалтай системийг өөрчлөх юм байна, гэхдээ ямар аргачлалаар, хэрхэн, хэдийн хугацаанд гэдэг нь тодорхойгүй. Нийт мөнгөний хэмжээ нэмэгдэх үү эсвэл дотор нь ихэсгэж, багасгах гэж байгаа гэдэг нь тодорхойгүй. Эхний хувилбараар бол цалингийн нийт зардал нэмэгдэнэ. Хоёрдох хувилбар улс төрийн хүчний хувьд маш их зардалтай.

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхэд гарах зардал нь  одоогийн Засгийн газар ипотекийн зээлийг 12 хувь байсныг 8 хувь болгож бууруулан, зөрүү хүүгийн зардлыг Засгийн газар банкуудад бондын хөрөнгөөр төлж байгаа хэмжээний их зардал жил болгон гарна. Зээлийн эргэн төлөлт сайтай байгаа үед ипотекийн зээлийн санхүүжилт төсөвт дарамт болохгүй байх сайн талтай.

Ажил эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх талаар АН эдийн засгийн үр шимийг баялаг бүтээгчдэд түлхүү хуваарилж, орлогын тэгш бус байдлыг арилгах замаар нийгмийн дундаж давхаргын хүрээг өргөжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилго манай улсад сүүлийн хорин жилд биелэгдэхгүй байгаа.  Уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн зах зээлийн үнэ өндөр байсан онуудад л гэхэд орлогын тэгш бус байдлыг хэмждэг Жини коеффициент Монголд 2002 онд 38.6  байсан бол 2010 онд 35.2 болж дөнгөж 3.4 нэгжээр буурсан байдаг. Нийгмийн баян чинээлэг 10 хувийн орлогын хэмжээг ядуу 40 хувийнх нь орлогод харьцуулсан Палма индекс 2002  онд 1.85 байсан бол  2010  онд 1.89 болж нэмэгдсэн. 2016-2020 онд АН энэ амлалтыг биелүүлэх боломжгүй болов уу. Бусад орнуудад регрессив татварын тогтолцоо мөн нийгмийн халамжийн өргөн бодлого хэрэгжүүлж байж л орлогын тэгш бус байдлыг бууруулдаг.

Засаглалын хувьд АН-ын хөтөлбөр өрсөлдөгч МАН-ын хөтөлбөрөөс дутуу байна гэж харагдаж байна. Ганцхан жишээ, МАН мэргэжлийн Засгийн газар байгуулан ажиллана, давхар дээлийг болиулна, өндөр сахилга баттай төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн байна. Ирэх дөрвөн жилд АН Засгийн эрхийг барьбал хуучин хэвээрээ мэргэжлийн компетенц байхгүй, улс төрчдөөр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх юм байна.

Нийгмийн бодлогын хувьд МАН-тай харьцуулахад АН илүү биелэгдэх, боломжийн бодлого, хөтөлбөрүүдийг төлөвлөж.  МАН-тай адил, мөн л  цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн байна. 2015 оны төсвийн нийт зардлын 32.2 хувийг цалингийн зардал эзэлдэг, энэ хэмжээ дор хаяж 10-15 хувиар нэмэгдэнэ гэвэл 1.97 их наяд төгрөгийг төсвийнхний цалинд зарцуулдаг байсан бол  2.26 их наяд төгрөг жил бүр даруй шаардлагатай болно. Ирэх дөрвөн жилд эдийн засгийн, төсвийн болон гадаад өрийн менежментийн шийдвэрлэх тун бэрхшээлтэй жилүүд биднийг хүлээж байгаа үед хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох зэрэг хавтгайруулсан бодлогоос татгалзсан мөрийн хөтөлбөр болсон байна.

Гол асуулт төсвийн орлого тасалдаж байгаа энэ онд болон магадгүй уг байдал үргэлжлэх ирэх онд засгийн газар Чингис бондын 1.5 тэрбум ам. долларын үндсэн төлбөрийг хэрхэн бидэнд, өнөөгийн болон ирээдүйн татвар төлөгчдэд дарамт багатайгаар төлж эхлэх вэ? ирэх дөрвөн жилд бидний амьдрал дээшлэх үү?, эдийн засгийн өсөлтийг бий болгох зорилготой үйлдвэржилтийн бодлогоо хэрхэн санхүүжүүлэх вэ?.

Энэ олон үйлдвэрүүдийг барьж байгуулахад мэдээж санхүүгийн, хүний, технологийн, экологийн, менежментийн нөөц хэрэгтэй. Гол нь эдгээр шинээр байгуулах үйлдвэрт ажиллах хүчин, хийж бүтээсэн бүтээгдэхүүнийг нь худалдан авах дотоод, гадаадын зах зээл хэрэгтэй. Тооцоо бэлэн үү? Бид ингэж асуух эрхтэй, учир нь АН 2012 онд авсан Чингис бондын их мөнгөөр даруй санхүүжүүлээд хийх төслүүдийн тооцоо, судалгаа, нөөцүүд байхгүй байсан тул. Татвар төлөгчдийн мөнгийг зардал- үр дүн, зардал- үр ашгийн тооцоо судалгаа хийсэн төсөл, хөтөлбөрүүдэд оруулж байх эрин үе бидэнд хэзээ ирэх  вэ гэдгийг  төсвийг захиран зарцуулж байгаа хүмүүс бидэнд хэлмээр байна.

Б.ОТГОНТӨГС

МУИС-ийн ТДС-ийн захирал, эдийн засгийн ухааны доктор

Монгол Банкны Бодлогын Зөвлөлийн гишүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж