Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдсан хамгийн анхны мэргэжлийн балет, ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетын түүхэн 60 жилийн хүндэтгэлийн тоглолт удахгүй болно. Энэхүү тоглолтын талаар өнөөдөр /2016.06.23/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ахмад болон залуу уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, уг балетын тухай ярилаа.
Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болох уг тоглолтод үе үеийн уран бүтээлчид хамтран тоглох юм байна. Гэгээн хайрын эмгэнэлт түүхийг өгүүлэх уг балет нь 1956 оны зургадугаар сарын 18-нд балетмейстер А.В.Хабаевагийн дэглэлтээр манай тайзнаа тавигдан, Монголын үзэгчид анхны мэргэжлийн түвшний балет үзэгчдэд хүрч байжээ. Хүндэтгэлийн тоглолтод балетмейстер А.В.Хабаева урилгаар хүрэлцэн ирнэ. Тухайн үед ЗХУ-аас залуухан балетмейстер бүсгүй ирж, сонгодог урлаг ямар байдгийг зааж байсан А.В.Хабаева багшдаа талархаж буйгаа үе үеийн уран бүтээлчид илэрхийлж байв.
Уг балетын анхны гол дүрүүдийн нэгд тоглосон Урлагийн гавьяат жүжигчин Н.Баатар “Тухайн үед мэргэжлийн түвшний балетын жүжигчид байсангүй. Миний хувьд одоогоос 60 жилийн тэртээ энэ балетын гол дүр Мариягийн сэтгэлт хархүү Вацлавын дүрд тоглож байлаа. Энэ бүжгэн жүжиг нь анхны мэргэжлийн балет гэдгээрээ онцлог. Мөн драмчилсан балет учраас балетын жүжигчдийн ур чадварыг шавхсан уран бүтээл гэдгийг онцолж хэлмээр байна” гэв.
Мөн Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетын түүхэн 60 жилийн хүндэтгэлийн тоглолтод анхны гол дүр Мария СТА.С.Энхээ болон түүний хань Ардын жүжигчин О.Ганбаатар, тэдний охин МУГЖ Г.Цолмон нар хамтран тоглож байгаагаараа онцлог юм.
Г.Цолмон ээжтэйгээ хамт бүжиглэнэ
Уг балетын гол дүрд тоглох Монгол улсын гавьяат жүжигчин Г.Цолмонтой ярилцлаа.
–“Бахчисарайн оргилолт булаг” балетад та хэд дэх жилдээ тоглох гэж байна вэ?
-Энэ балетад 19 дэх жилдээ тоглож байна. Мариягийн дүрийн тухай гэвэл Залуу бүсгүй Мариягийн төрсөн өдрийн баярыг тэмдэглэж байхад Крымийн хаан Гирейн татар цэргийн дайралт хийж, тулаан болно. Мария бүсгүйн сэтгэлт залуу Вацлав, Гирейтэй тэмцэлдэхээр дайртал хааны мэсэнд өртөж, амиа алдана. Ийн сэтгэлт залуугаа алдан гашуудаж буй Мариягийн гоо үзэсгэлэнг харсан Гирей хаан өөрийн хатнаа болгохоор олзолдог тухай өгүүлнэ.
-60 жилийн хүндэтгэлийн тоглолтод ээжтэйгээ хамтарч тоглоно гэв үү?
-Ээж маань олон жилийн өмнө миний тоглож буй Мариягийн дүрийг бүтээж байсан. Манай аав энэ балетын Нурали жанжины дүрийг бүтээж байсан. Удахгүй хүндэтгэлийн тоглолтоор ээжтэйгээ хамт тоглох гэж байгаадаа баяртай байна.
-Өмнө нь ээжтэйгээ хамтарч тоглож байв уу?
-Энэ балетын 50 жилийн ойн тоглолтод ээжтэйгээ хамт бүжиглэж байсан. Энэ удаа хоёр дахь удаагаа хамтарч тоглох гэж байна.
-Уг балет нь тухайн үеийн ЗХУ-ын нийгмийн эмэгтэйчүүдийн байр суурийг илэрхийлж байсан гэсэн?
-Мария их зөөлөн сэтгэлтэй, Европ эмэгтэйн дүр. Эрэгтэй хүний хүчинд автаж, олзлогдсон бүсгүйн дүр юм. Миний дүрийн хөдөлгөөн хөгжимтэйгээ их уялдаатай байдаг учраас яг эмэгтэй хүний нандин чанарыг илэрхийлж чаддаг.