Ц.Нямдорж: Ялтан шилжүүлэх гэрээгээ хурдан баталмаар байна

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Ялтан шилжүүлэх гэрээгээ хурдан баталмаар байна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн,
Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Мэн Зяньжу Монгол Улсын Хууль зүй,
дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын
Засгийн газар хооронд Гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах
хэлэлцээрт Төрийн ордонд гарын үсэг зурлаа.  Гарын үсэг зурах ёслолын
дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос сэтгүүлчид зарим
зүйлийг тодруулсан юм.

– БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас Монгол Улсын Хууль
зүй, дотоод хэргийн салбарт таван сая юанийн буцалтгүй тусламж
үзүүлэхээр боллоо. Үүнийг ямар чиглэлд зарцуулах вэ?

-Сая гэрээнд гарын үсэг зурлаа. Тусламж хил хүртэл ирэхийг тэдний тал,
хилээс нааш манайх хариуцаж тухайн үед нь шийднэ. Нэг зүйл хэлэхэд,БНХАУ
1949 онд тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш анх удаа Нийгмийг аюулаас
хамгаалахын сайд нь Монгол Улсад айлчилж байгаа юм. Энэ яам гүйцэтгэж
байгаа үүргээрээ манай Хууль зүй, дотоод хэргийн яамтай их ойролцоо.
Гэмт хэрэгтэй тэмцэх, хилийн асуудал гэх мэтийг хариуцдаг. Монгол Улсын
ҮАБЗ-ийн дарга Ц.Энхтүвшин өнгөрсөн жил Хятадад айлчилж, түүний хариу
айлчлал болгож ирж байгаа юм. Цаашид энэ байгууллагатай хамтын ажиллагаа
өргөжүүлэх шаардлага их байна.

Жилдээ Монголын талаас давхардсан тоогоор 3,5-3,7 сая хүн Хятадад зорчиж
байна. Нөгөө талаас зургаан саяас долоон сая хүн Монголд зорчиж байна.
Ойрын ирээдүйд том төслүүд хэрэгжээд эхэлбэл хөдөлгөөн хэд дахин
нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа учраас хил хязгаар, улс орны дотоод
тайван байдлыг хангахад хамтын ажиллагаа чухал болж байна. Тийм
зорилгоор Ялтан харилцан шилжүүлэх гэрээнд саяхан Ерөнхий сайд
С.Батболдын айлчлалын үеэр эцэслэн гарын үсэг зурсан. Одоо УИХ батлах
ёстой.

Сая Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах
яамтай гарын үсэг зурлаа. 1991 онд Хятадын Шүүх яам манай Хууль зүйн
яамны хооронд байгуулсан Хамтын ажиллагааны протокол байдаг. Түүнийг
шинэчлэх шаардлага байна. Энэ хүрээнд холбогдох байгууллагын хамтын
ажиллагаа, тухайлбал, хилийг хилтэй, цагдааг цагдаатай, гадаад иргэн
хариуцсан албыг мөн тэр албатай нь холбох асуудал бий. Би Хятадын
сайдтай уулзахдаа тус тусдаа ажлын хэсэг байгуулаад одоо мөрдөж байгаа
хуучин хамтын ажиллагааны гэрээ, протоколоо шинэ нөхцөлд тааруулан
өөрчилж шинэчлэх чиглэлэлээр хамтран ажиллах шаардлагатай байна гэдгээр
санал солилцлоо. Тэгье гэж байна.

Нөгөө талаар харилцаа харилцан идэвхтэй болж байгаа учраас Монголын
хүчний байгууллагын чиглэлийн боловсон хүчнийг БНХАУ-д бэлтгэх шаардлага
байгаа юм. Хэлэлцээрийн үеэр би тэр талаар хэлсэн. Цагдаа, хил, шүүхийн
шинжилгээ, гадаадын иргэн харьяат гэж манай гол албад байна. Манай энэ
чиглэлийн боловсон хүчнийг Хятадад буцалтгүй тусламжаар сургах чиглэлийн
саналыг сая тавилаа. Сайд цааш нь ярих байх. Манай талд ч Хятадын ганц
нэг ажилтныг бэлтгэж болно шүү дээ. Бид ч бас нэг улс орон байна даа.
Монголдоо тэдний ажилтныг бэлтгэвэл аль аль талаасаа тус дэмтэй гэсэн
санаа юм.

-Ялтан шилжүүлэх гэрээг энэ хаврын чуулганаар батлуулж амжих уу?

-Батлуулах гэж байсан ч амжихгүй юм шиг байна. Үүнийг шийдэх хэрэгтэй
юм. Хятадад Монгол Улсын нэлээд хэдэн иргэн хар тамхи зэрэгтэй холбоотой
хэргээр хоригдож байна. Гэрээгээ баталчихвал тэднийг нааш нь буцааж
авах талаар Хятадын талтай ярих шаардлага бий. Болдогсон бол гэрээгээ
хурдан хийгээд эднийг аваад ирмээр байна. Хань ижил, үр хүүхэд нь
Хятадад очиж тэдэнтэй уулзахад хүнд байдаг. “Том айл”-д хоригдож байгаа
хүнтэй тэнд нь уулзахад хэцүү. Сая бид манай хоёр орны хил найрамдлын
хил байх ёстой. Энэ чиглэлээр аль аль талын холбогдох байгууллага
анхаарч ажиллая гэж ярьцгаалаа.

-Ялтан шилжүүлэх гэрээг хоёр тал зэрэг баталдаг уу?

-Эдний талын процедурыг би сайн мэдэхгүй байна. Манай талынх бол УИХ-аар
баталсны дараа шууд хүчинтэй болоод явна. Хоёр талдаа хүчинтэй гэсэн
ноот бичгээ солилцоод тодорхой ажил хэрэгтээ орно. Ялтан шилжүүлэх гэрээ
байгуулах гэж байна гэж сонсоод манай яаманд ирдэг өргөдлийн тоо эрс
нэмэгдэж байна. Гэрээг хурдан батлуулаад ганц нэгийг нь ч боловч нааш нь
ирүүлмээр байна. Тэдний хууль хатуу чанд шүү дээ. Энэ мэтээр ажил
яригдаж байна. Ер нь цаашдаа БНХАУ-тай харилцах харилцааг шинэ өнцгөөс,
шинэ ойлголтоор харах шаардлага бий.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж