Богдын нандин цуглуулгыг олонд дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Богдын нандин цуглуулгыг олонд дэлгэнэ

Монгол улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын цуглуулгыг маргаашнаас үзэгчдэд толилуулах гэж байна. VIII Богд Жавзандамба хутагт бол Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, Бурханы шашны тэргүүн, үндэстний тусгаар тогтнолын хувьсгалын оюун санааны удирдагч байсан билээ. Тэрбээр 1869 онд Төвдөд төрөөд таван настайдаа монгол газар залагдаж ирсэн цагаасаа хойш нэгэн насандаа шавь олон монголчуудын тахилын орон болон шүтэгдсэн юм.

Жавзандамба бээр хаан суусан он жилүүддээ 2,5 сая хавтгай дөрвөлжин км газар нутаг, 1200 гаруй сүм хийд, 200 000 орчим лам хувраг, 600 000 орчим хүн ард захирч байлаа. VIII Богд Жавзандамба, Улсын Эх дагина, хатан Дондогдулам хоёр дөрвөн орд харштай байсан бөгөөд эзэн хааны хувиар ч, өөрийн сонирхлоороо ч монгол газрын хамгийн ховор нандин, гайхамшигтай зүйлсийг цуглуулдаг байжээ. Энэхүү гайхамшигт цуглуулгыг урьд дүрийн Богдуудаас өвлөгдөж ирсэн болон өргөл барьцаар ирсэн, худалдан авсан, VIII Богдыг хаан ширээнд суусантай холбогдуулан гадаад улсуудын эзэн хаадаас бэлгэнд ирсэн хэмээн хувааж болно.

Энэхүү үзэсгэлэнд монгол гэр сүмийн зориулалттай бүтээсэн арван зургаан батад агч буюу арван зургаан найдангийн туурган зураг, Чойжин ламын рид хувилгааны хүчээр зангидсан ган сэлэм, XIII зууны үеийн араб сэлэм, Хөрөө загасны хошуугаар хийсэн сэлэм, Манзушир, Цагаан Дара бурхны дэлгэмэл том хөрөг, Бурхан багш голлосон Өндөр гэгээн, Цагаан Дара эхийн уран нарийн хийцтэй зээгт наамал, Өндөр гэгээний урд дүр Брүгдэжанцангийн пүрэв (гадас), эр тахианы өндөг, лууны эвэр, зааны соёо, зааны ясан шоо, гавал, эрдэмт чулуу, хүний чулуужсан тархи, үхрийн чулуужсан тархи, галбарвасун мод, хирсний эвэр зэрэг урьд өмнө нийтэд дэлгэн үзүүлж байгаагүй ховор нандин үзмэрүүдээ танилцуулж байна.

Мөн Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улсаа байгуулсны 100 жилийн ой, Үндэстний их баяр наадамд зориулан V Богдын үед бүтээсэн Монголыг даагч Очирваань зээгт наамал бурханыг анх удаа дэлгэн үзүүлж байгаа болно.

Үзэсгэлэнгийн нээлт маргааш 11.00 цагт Богд Хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж