“Blue moon” арт галерейг зорин очвол “Хүсэх, хүрэх, хүртэх”, “Хайрлах урлаг”, “Өөрчлөлт” зэрэг содон бөгөөд сонин нэртэй уран бүтээлүүд угтана. Танхимын голд “Passion” хэмээх уран бүтээл байрлах бөгөөд үзэсгэлэнгээ ч уг уран бүтээлээрээ нэрлэсэн нь утгатай аж.
Хүмүүний хүсэл гэгч хязгааргүй…Тиймээс өөрийн хүслийн нэгээхэн хэсгийг уран бүтээлийн үзэсгэлэнгээрээ дэлгэн харуулахыг хүссэн учраас ийн нэрлэсэн ажээ. Зураач Х.Ариунзаяа анхны бие даасан “Passion” үзэсгэлэн өчигдөр /2016.06.22/ “Blue moon” арт галерейд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнгээрээ эмэгтэй хүний мөн чанар, эхчүүдийн дуу хоолойг хүргэхийг хичээсэн тухайгаа хуваалцлаа.
Зураач бүсгүйн анхны үзэсгэлэнд 30 орчим бүтээлүүд дэлгэгджээ. Түүний бүтээлүүдээс эрс тэс өнгийн тоглолт, хөдөлгөөний өвөрмөц зохиомжуудыг харж болно. Мөн тэрхүү бүтээлүүд нь өөрийн гэсэн дуу хоолойгоор дуугарч буй мэт санагдав.
“Бэр” гэх бүтээл нь өөрийн гэсэн нууцлаг утга агуулгыг илэрхийлэх мэт… Айлын бэр болсон бүсгүй хүний тавиланг постмодернизм чиглэлээр илэрхийлсэн нь тун сонирхолтой.
Зураач Х.Ариунзаяа нь дүрслэх урлагийн чиглэлээр ямар ч мэргэжил эзэмшээгүй бөгөөд сүүлийн 10 жил Казакстан улсад ажиллаж, амьдарсан байна. Тэрээр энэ хугацаандаа Казакстаны зураач Жаннет Абишийн урланд туслах зураачаар ажилласан нь түүнийг дүрслэх урлагийн хязгааргүй ертөнцөд гүн гүнзгий татан оруулжээ.
Зураач Х.Ариунзаяагийн товч намтар:
-1986 онд Баянхонгор аймагт төрсөн
-2003 онд Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийг төгссөн.
-2003 онд Олон улсын эдийн засгийн бизнесийн дээд сургуулийг Олон улсын Гааль татварын мэргэжлээр төгссөн.
-2007-2016 онд Какакстан улсад чөлөөт уран бүтээлээ туурвиж байгаад ирсэн.
-2007-2011 он хүртэл Жаннет Абиш зураачийн туслахаар ажиллаж байсан.
-2012-2016 онд “J.group Production”-д найруулагчийн туслах, техник хариуцсан менежерээр ажилласан.
А.ЦЭЭСҮРЭН