Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны тэргүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Ажлын хэсгийн гишүүн Д.Бат-Эрдэнэ:
Үйлдвэрлэлийн геологчдын холбоо өнгөрсөн гуравдугаар сард нийт геологчдынхоо дунд чуулган зохион байгуулсан. Тэр үеэр маш олон хүн өнөөдрийн Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй, ялангуяа геологийн хэсгийг өөрчилье гэж ярьж байв. Үүнтэй холбоотойгоор манай холбооноос Ашигт малтмалын тухай хуультай холбоотой саналуудаа Ажлын хэсгийнхэнд өгсөн.
Нэгдүгээрт, хайгуулын лицензийн зохицуулалт буруу. Геологийн ажлыг шат дараалалтай хийдэг. Тийм болохоор Ашигт малтмалын тухай хуульд эрлийн шат, хайгуулын шат гэсэн заалтыг оруулъя.
Хоёрдугаарт, геологийн ажил гэдэг захын хүний хийх ажил биш. Ийм ажлыг мэргэжлийн байгууллага, мэргэшсэн геологчдоор удирдуулж, ашигт малтмалын нөөц тайлангуудыг хийлгэх ёстой. Тэгэхгүй бол геологийн хуурамч тайлангууд нэлээд гарч байгаа.
Гуравдугаарт, гадаадын том компаниуд геологийн ихэнх ажлуудыг гүйцэтгэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтаар хийсэн геологийн судалгааны мэдээллүүд гадагшаа л гардаг юм. Тиймээс геологи хайгуулын ажлын 60 хүртэлх хувийг Монголын компаниуд гүйцэтгэдэг хуулийн зохицуулалт бүхий заалт хэрэгтэй байна. Гэхдээ манай үндэсний компаниуд олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстой.
Дөрөвдүгээрт, геологи, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахдаа өөрийн гэсэн стандарттай болъё. 1976 онд манай улс ЗХУ-ын ашигт малтмалын эрж хайх аргачлал, заавруудыг авсан. Гэтэл өдгөө бид энэ тал дээр хаахна яваагаа мэдэхгүй, маргаад байдаг. Үүнийг хуулиар цэгцэлж өгөх хэрэгтэй.
Тавдугаарт, Монголын геологчдыг урамшуулах механизм их чухал. Жишээ нь, Оюутолгой ордыг нээсэн Гарамжав гуай өнөөдөр гавьяат гэсэн шагналтай. Энэ хүнээс гадна өдий төдий геологич бий. Тавантолгой ордын нөөц, бүх зүйлийг бодож тооцоолж Улсын комиссоор оруулсан геологич байгаа. Тэр хүнд ямар ч шагнал урамшуулал байхгүй. Ашигт малтмалын орд газар эзэмшиж байгаа компаниуд ийм хүмүүсийг урамшуулдаг байх хэрэгтэй.
Товчхон хэлэхэд, 1997 онд баталсан Ашигт малтмалын тухай хууль хэрэгжсэнээр сайн, муу үзэгдэл их гарсан. 14 жилийн туршид бид хамаг зүйлээ гадныханд ил задгай тавьчихсан. Нэг үеэ бодвол уул уурхайн салбарт болж байгаа үйл явдлууд тодорхой болсон учраас одооноос цэгцтэй, бодлого баримтлах хэрэгтэй. Тэгэхгүй бол ард түмний дунд ашигт малтмалаасаа болж бараг дайн эхлэх нь байна.
Геологийн үйл ажиллагаатай хуулийг тусад нь гаргая гэж бид нэлээд ярьсан. Ашигт малтмалын хууль бол кадастрын зохицуулалттай хууль. Тиймээс өөрийн гэсэн Геологийн хуультай болъё гэсэн санал нэлээд гарч байгаа. Гэхдээ УИХ-ын хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцүүлье гэвэл амжихгүй. Ашигт малтмалын тухай хуулийн төсөлтэй зэрэгцэж орох боломж муутай гэсэн үг. Үүний оронд Ашигт малтмалын тухай хуульд зайлшгүй хийх ёстой зарчмын асуудлуудаа оруулах байдлаар шинэчлэн найруулъя. Харин дараа нь жаахан амьсгаа авч байгаад нарийвчилсан, дэг журамтай сайн хууль гаргах хэрэгтэй.