Т.Баярсайхан: Бондоос санхүүжилт аваагүй бол арьс ширний салбар хэцүүдэх байсан

Хуучирсан мэдээ: 2016.06.23-нд нийтлэгдсэн

Т.Баярсайхан: Бондоос санхүүжилт аваагүй бол арьс ширний салбар хэцүүдэх байсан

Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа.

-Бондын санхүүжилтийн тодорхой хувийг арьс ширний салбарынхан авсан. Арьс ширний компаниуд хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар ямар ахиц, дэвшил гараад байна вэ?

-Бондын бүтээн байгуулалт монголчуудад ашигтай байсан. Тухайлбал арьс ширний салбарт бондын зээл орж ирээгүй бол ямар нөхцөл үүсэх байсныг төсөөлөхөд бэрх байна. Бондын хөнгөлөлттэй зээлээс арьс ширний салбарын 50 гаруй аж ахуй нэгж 80 орчим тэрбум төгрөгийн зээл авсан. 2012 оны үед жилдээ нийт түүхий эдийнхээ 20 хувийг худалдаж авдаг байсан бол одоо 40 гаруй хувийг авчихдаг болсон. “Дархан нэхий”, “Монгол шевро”, “Мон ирээдүй” гээд маш олон компани бүрэн боловсруулалтынхаа түвшинг ахиулж чадлаа. Арьс ширний үйлдвэрүүд байгаль экологид хор нөлөө багатай Европын орнуудын химийн бодисуудыг хэрэглэдэг болсон нь бондын санхүүжилтын бас нэг том давуу тал. Бонд арьс ширний салбарт маш их өгөөж өгч байна.

-Бондын өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой гэж боддог вэ?

-Бондын зээлийн үр өгөөжийг сайжруулах дэд бүтцийг сайжруулах шаардлагатай. Дотоодын зах зээлийг хамгаалдаг хуультай болох хэрэгтэй байна. Хоёр хөрштэйгөө ижил тэгш худалдааны хуультай болчихвол бизнес эрхлэгчдэд том боломж нээгдэнэ. Дотооддоо борлуулж байгаа, импортоор оруулж ирж буй хөнгөн аж үйлдвэр, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалдаг хуультай болгох шаардлага бий. Ийм шийдвэрүүд гаргаж чадвал бондын үр өгөөж улам ихэснэ.

-Бондынх шиг хөнгөлөлттэй зээл танай салбарт хэр хэрэгцээтэй байна?

-Амин чухал хэрэгтэй байна. Бондын зээл авснаас хойш хоёр, гурван жил болчихлоо. Аж ахуй нэгжүүд үндсэн зээлээ төлөөд явж байгаа. Энэ бонд үнэхээр үр өгөөжтэй. Тиймээс зээлийн хугацааг нь сунгамаар байна. Цаашид бондын зээлийг үргэлжлүүлэх гарцаагүй шаардлага бий.

-Арьс ширний үнэ чанарын шаардлага хангахгүй гэдэг үүднээс их унаж байна. Чанарыг нь сайжруулахын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй болж таарах байх…?

-Монголчууд малаа эрүүл болгох шаардлагатай. Малчид малын түүхий эдийнхээ хадгалалт, хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй байна. Бид нийт хэрэглэж байгаа махныхаа 95 хувийг хээр нядалдаг. Зүй нь малын нядалгааг стандартын шаардлага хангасан мал нядалгааны цехэд хийх ёстой. Тэгвэл бондын өгөөж, түүхий эдийн чанар, үнэ, үр ашиг улам нэмэгдэнэ.

-Бондоос санхүүжилт авсан арьс ширний компаниудын зээлийн эргэн төлөлт хэр байна?

-Сайн байгаа. Графикийнхаа дагуу цаг хугацаандаа эргэн төлөлт хийгдээд явж байна.

-Бондын санхүүжилт авснаар арьс ширэн бүтээгдэхүүний экспорт хэр нэмэгдсэн бэ?

-Өнөөдрийн байдлаар бондын зээл авсан “SRB” компани Японы зах зээл рүү цүнх гаргаад эхэллээ. Хагас боловсруулах үйлдвэрүүд Итали, Испани, Турк, Солонгос, Вьетнамын зах зээл рүү бүтээгдэхүүнээ экспортолж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж