Н.Дашзэвэг: Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих талаар анх би дуугарсан

Хуучирсан мэдээ: 2016.06.23-нд нийтлэгдсэн

Н.Дашзэвэг: Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих талаар анх би дуугарсан

Эдийн засагч Н.Дашзэвэгтэй ярилцлаа.

-Хоёул яриагаа та чухам яагаад эдийн засагчийн мэргэжил сонгосон талаар эхэлье?

-Уг нь би 1974 онд аравдугаар анги төгсөөд их, дээд сургуульд шалгалт өгч, барилгын инженерийн анги авсан юм. Аав минь эдийн засагч мэргэжилтэй хүн болоод ч тэр үү, хүүгээ өөр шигээ мэргэжил эзэмшиг гэж бодсон байх. Тэгээд л МУИС-ийн санхүү, эдийн засгийн ангид суралцсан. Оюутан байхдаа багштайгаа мэтгэлцэж явлаа. МУИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байлаа. 1978 оноос Багшийн их сургуульд улс төр эдийн засгийн ухаан заасан.

-Бас Орост сурч байсан бил үү?

-1989-1992 оны хооронд Москвагийн удирдлагын академид аспирантурт суралцсан. “Монголын эдийн засгийн өсөлтийг эрчимт хэв маягт шилжүүлэх арга замууд” сэдвээр хамгаалж байлаа. Оросын хамгийн том эдийн засагч Д.А.Черников гэж эдийн засгийн өсөлтийн загварын том эрдэмтэн хүний удирдлага дор эрдмийн зэргийн ажлаа хийсэн. Өөрөө хайж очиж уулзаж байлаа. Эрдмийн зэрэг дээр зөвлөж байсан хүн маань л гэхэд Оросын Ерөнхийлөгч агсан Ельциний эдийн засгийн зөвлөх хүн байв.

-Тэр үед хойно сурч байсан оюутнууд наймаа хийдэг байсан гэлцдэг. Та бас ганзагын наймаа хийж байв уу?

-Өө тэгэлгүй яахав, Орос руу явахдаа бусдын адил наймаа хийж байлаа. Тарваган малгай, савхин цамц авч явж зарна шүү дээ. Монголоос авч очсон савхин цамц турк савхинаас үнэтэй байлаа.

-Аспирантурт сурч ирээд зах зээлийн эдийн засагт шилжиж байх үед та нэлээд шүүмжлэлтэй зүйл ярьдаг байсан.

-Төгсч ирэх үед Монгол Улс зах зээлд шилжиж байсан үе. Тэр үед би зах зээлд ингэж шилжихгүй ээ гээд л шүүмжилсэн. “Монгол мессенжер” гээд англи хэлээр гардаг сонин байсан юм. Тэр сонинд ярилцлага өгөхдөө Олон улсын валютын санг шүүмжилчихсэн чинь тэд олоод үзчихэж. Тэд намайг урьж “Анх удаа эрдэмтэн хүн шүүмжилсэн нь чухал байна. Бид таны хэлсэн шүүмжийг хүлээж авч байна гэсэн. Дараа нь Ерөнхий сайдын дэргэд Төрийн ордонд Олон улсын валютын сангийнхан суух нь буруу, гадны хүний үгээр эдийн засгийн бодлогод нөлөөлж байж болохгүй гэсэн юм. Тэр шүүмжийн дараа бас л төрийн ордонд валютын сангийнхан суухаа больсон. Тэр үед Бизнес эрхлэгчдийн анхдугаар зөвөлгөөн болж билээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж би анх тэр үед дуугарч байлаа. Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд П.Жасрай гуай хоёр миний үгийг сонсоод “Зах зээл өрсөлдөөнөөрөө л яваг” гэхэд нь би буцаж босоод “Төрийн зохицуулалтыг ингэж хийдэггүй юм” гэж хэлж байлаа. Тэр үед төв хэвлэл дээр “Эдийн засагч Дашзэвэг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт онолын эдийн засгийн хичээл заана” гэсэн гарчигтай нийтлэл гарч байж билээ/инээв/.

-Одоо юм л бол үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэцгээх болсон. Гэтэл тэр санааны анхны автор та байжээ гэдгийг сая л мэдлээ..

-Тиймээ, анх тэгэж дуугарсан хүн нь би. Тэгээд 1998 онд Үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо байгуулах хурал дээр очсон чинь намайг тэргүүнээр нь сонгосон. Одоог хүртэл энэ ажлаа бас хийгээд л явж байна. Энэ хооронд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, эрх ашгийг нь хамгаалах тал дээр их ажил хийлээ. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр импортын татварыг М.Энхсайханы Засгийн газар тэглэх гэхэд би импортын татварыг бүхэлд нь тэглэж болохгүй гэж шүүмжилж байсан. Тэгсээр байтал тэглэсэн. Сая шинэ Засгийн газар үүнийг өөрчиллөө шүү дээ.

-Танайх чинь ам бүл хэдүүлээ билээ?

-Ам бүл дөрвүүл, эхнэр МУИС-ийн Монгол хэлний анги төгссөн. Манай хүн Шинжлэх ухааны академид ажиллаж байгаад 1998 онд “Монгол” дээд сургуулийг бид хамтдаа байгуулсан. Хоёр хүүхэд маань “Монгол” дээд сургууль төгссөн юм. Манайх бас Эдийн засгийн ахлах сургууль байгуулсан. 10-12 дугаар ангийн хүүхдүүдийг сургадаг.

-Та нэг их олон төрийн бус байгууллага ажиллуулдаг юм билээ. Тэр ямар учиртай байгууллагууд вэ?

-Тийм, нэлээд хэдэн төрийн бус байгууллагын сэтэртэй хүн шүү дээ. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцдэг төрийн бус байгууллага бий. Сүүлийн арваад жил модны хулгайтай тэмцэж байна. Ерөнхийлөгчийг шахаж байгаад зарлиг гаргуулсан. Ноднин УИХ-ыг шахаж байгаад хэд хэдэн хуулийн заалт оруулсан. Модны хулгай мэдээлвэл мэдээлсэн иргэнд 50 мянган төгрөгийн урамшуулал өгнө гэсэн заалт хуульд оруулсан. Мөн машиныг нь мэдээлсэн хүнд өртгийн 80 хувийг хувааж өгнө. Яам дэмжээд ноднин ийм хуулийн заалт оруулсан. Одоогоор хулгайн мод ачсан 100-гаад машин барихад оролцсон. Модны хулгайн зам бий болчихсон хүн унтаж байх үеэр үүрээр л тэр замаар явдаг юм. Хөөцөлдөж байж хоёр пост бариуллаа. Бид илрүүлээд цагдаад өгчихдөг. Хэрэг дээрээ цагдаа, шүүх, прокуророор ороод замхардаг шиг байгаа юм. Гэлээ гээд бид ажлаа зогсоохгүй. Хуулийн нарийн зохицуулалтууд бас хэрэгтэй л байгаа.

Бас Тул хамгаалах нийгэмлэгийн тэргүүн гээ биз дээ.

-Уг нь миний хобби байсан гэх үү дээ, загас барих. Сүүлдээ хамгаалж, өсөж үржүүлдэг болчихдог л юм байна. Бид тул загасны түрсийг хамгаалж үржүүлдэг. Сарын дараа маш олон жараахай гараад ирдэг. Ингэхгүй бол түрс нь голын нэг тараад, шувууны хоол болж, хад чулууны дор үлдсэн цөөн хэд нь л загас болдог. Тиймээс үржүүлэх нь их чухал, түрсийг нь хамгаалах хэрэгтэй. Мөн “Шүүгч прокуроруудын буруу шийдвэрт хохирогчдын холбоо”-ны тэргүүн. Хуулийн байгууллагын буруу шийдвэрээс болж хохирсон маш олон иргэн байдаг. Тэдний эрх ашгийн төлөө явдаг байгууллага.

Та чинь үндэсний үйлдвэрлэл гэж байгаад архи пиво үйлдвэрлэгч компаниудад хэрэгтэй заалт оруулах гэж хөөцөлдөөд хуулийн заалт оруулж чадсан санагдана.

-Архи, пивонд онцгой татвар тогтоох хууль батлах гээд, би тэр үед дотоодын үйлдвэрлэгчдийнхээ төлөө дуугарч хуулийн заалтыг үндэсний үйлдвэрлэгчдэд ашигтайгаар оруулсан. Дотоодын үйлдвэрлэгчид баярласан талархсанаа илэрхийлж, их таатай хүлээж авсан шүү.

-Оюу толгойн гэрээний асуудлаар бас дуугүй байж чадаагүй шүү дээ, та. Яг таны тэр дуугарсны үр дүн гарсан уу?

-Оюутолгойн ордын орлогын 2.5 хувийг Монголын ард түмэн хүртэхээр тийм эрх зүйн орчинтой байсан юм. 2005 оны 9 дүгээр сард гэрээ хийгдэх гээд байсан юм. Дөрөвдүгээр сард нь Фридланд олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганд үг хэлэхдээ “Бид таван доллараар футболка хийгээд 100 доллараар зарсантай адил ашгийг Оюу толгойгоос олох гэж байна гэж зарласан. Хоёрдугаарт алтаа олборлож зарахад цаад зэс нь цэвэр зуун хувийн ашиг болно гэж зарласан. Эндээс бид “Тэр хүмүүс ямар их ашиг олж бид ашиг багатай байх нь” гэж бодоод бид ард түмэнд ашигтай байлгая, хуулиа өөрчилье, ер нь бол ашгаа тавь тавин хувиар хуваая гэж тэмцсэн юм. Гэхдээ ашгаа юу бүтээгдэхүүнээ гэдэг мэдэгдэхгүй байсан. Чадвал бүтээгдэхүүнийхээ ашгийг хуваая гэсэн бол илүү л байсан. Тэгээд чадаагүй, ашгаа л тавь тавь болгож хуваах болгосон. Бид тэмцээд, “Оюу толгой 50:50” хөдөлгөөн өрнүүлж, хэвлэлийн хурал гурван ч удаа хийж, телевизийн нэвтрүүлгүүдээр ороод, ингэсээр гэрээг анхны хувилбараар хийлгэлгүй УИХ-ын гишүүн О.Энхсайхан Ашигт малтмалын хуулийг өөрчлөх төслөө их хуралд өргөн барьсан юм. “Ашигт малтмалын хуулийг хэлэлцэж байж Оюу толгойн гэрээг хийнэ” гэж УИХ хойшлуулж байгаад 2009 онд гэрээгээ хийлээ шүү дээ. Үүний ачаар бид зэсийн үнэ 4000 орчим байхад 15 тэрбум долларыг нэмж авах боломжтой болсон. Хэрэв бид тэмцээгүй бол гадныхны халаасанд арван таван тэрбум доллараа хийгээд л явуулчих байлаа.

-Оюу толгойн гэрээг хүмүүс одоо ч шүүмжлээд л байдаг шүү дээ. Таныхаар энэ гэрээ ямар болсон бэ?

-2005 оныхтой харьцуулахад сайжирсан байлгүй яахав. Дахиад илүү сайн хийх боломжоо гэрээн дээрээ алдсан л даа. Одоо Дубайн гэрээг ч бас сайн болоогүй гээд л байгаа. Ер нь бол Дубайн гэрээ хийх нь зөв шүү дээ. Гэхдээ тодорхойгүй зүйл их байдаг юм билээ. Тэднийгээ засчихсан бол болох байсан.

-Газрын ашгийг эзэнд нь гээд бас та дуугараад эхэлсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-2011 онд Сүхбаатар дүүргийн долдугаар хороон дээр гэр хорооллын айлын том хашааны газрыг 40 квадратын хоёр өрөөгөөр солино гээд. Эндээс л үүдсэн юм. Нэг айлын газар дээр барилга байриад далан айл оруулчихаад үлдсэн айлуудаас нь авсан газарт дахиад барилга барьж маш их ашиг олж байна шүү дээ, барилгын компаниуд. Иргэд үүнээс болж хохирч болохгүй. Тиймээс иргэдэд ашигтай боломж бий гээд л тэмцэж байгаа юм. Мөн Монгол Улсын үзэл баримтлал-2030 гарсан. Тэнд ард түмэн хаягдаж. Яагаад гэхээр тэр үзэл баримтлалд ядуурлыг арилгана, дундаж давхаргын амьдралтай өрхийг 80 хувьд хүргэнэ гэсэн атлаа, яаж ядуурлаас салгахаа тусгаагүй байна лээ. Ядуурлын, дундаж давхаргын шалгуур үзүүлэлт байхгүй, бүрхэг байгаа юм. Үүнийг тодорхой болгох ёстой. Энэ миний дэвшүүлж байгаа санаа. Монголчуудын дундаж цалин хөгжиж байгаа орнуудын дундаж цалинг харьцуулахад манайх 350-450 доллар, хөгжиж байгаа орнуудынх 1000 доллар, дэлхийн дундаж 1600 доллар, хөгжингүй орнуудынх бүүр 3500 доллар байна шүү дээ. Тиймээс ойрын арван таван жилд Монголын дундаж орлоготой иргэн 1000 долларын цалин авдаг болгохын төлөө санал дэвшүүлж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: НЭР ДЭВШИГЧ Н.ДАШЗЭВЭГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж