- Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахимжих хандлагатай байгааг Хэвлэлийн хүрээлэнгээс 17 дахь жилдээ гаргаж буй “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” тайланг өчигдөр /2016.06.22/ танилцуулах үеэр онцолж байлаа. Мэдээллийн сайтуудын тоо жил бүр нэмэгдэх хандлагатай байна. 2014 онд 92 сайтыг мониторингийн тайланд танилцуулж байсан бол энэ онд 98 болж, нэмэгджээ. Уг судалгаагаар Монголын хэрэглэгчдийн хувьд хамгийн түгээмэл хэрэглэдэг нь фэйсбүүк бол хамгийн их зочилдог мэдээллийн сайтаар www.news.mn, www.gogo.mn гэж судалгааны дүн харуулжээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Узбекийн нийслэл Ташкент хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр сүүлийн гурван жил Монгол-БНХАУ-ОХУ-ын гурван талт уулзалтыг хийдэг уламжлал тогтоод гурав дахь жилээ болж байна.
- УИХ-ын болон орон нутгийн сонгууль болоход долоо хоног үлдлээ. Энэ удаагийн сонгуульд 2 сая 4048 сонгогч санал өгөх бөгөөд 76 тойрог, 1998 хэсгийн хороо бүртгэгджээ.
Санал өгөх эрхтэй иргэн нь: Арван найман нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий Монгол Улсын иргэнийг бүртгэнэ.
- УИХ-ын даргын гаргасан захирамжаар энэ долоо хоногт УИХ-ын хаврын чуулган хуралдах ёстой. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, чуулганы хуралдаан болон Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ.
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн тавдугаар сарын 24-нд УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулах захирамж гаргахдаа “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулж байна” гэж мэдэгдсэн юм.
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулаторийн нээлт өчигдөр болжээ, Нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори Засгийн газрын ордоны баруун талд, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хашаанд байрлаж байна. Улсын эмнэлэг эсвэл оффис барина хэмээн олон жил маргаан үүсгэсэн энэ байшинг засч янзлаад ийнхүү амбулаторийн нээлтээ хийж байгаа нь энэ аж.
- УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924,629 сонгогч нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгнө. Сонгуулийн тухай хуулийн 35.2-т зааснаар дүүргүүдийн сонгуулийн хороо санал авах байруудыг байгуулан ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч нарыг томилов.
- Улаанбаатар хотын тохижилтын ажил дөрөвдүгээр сард эхэлсэн ч үндсэндээ дуусч байна. График ёсоор эхлүүлсэн гудамжнуудын тохижилт 90 гаруй хувьтай байна. Энэ онд нийслэлийн 13 гудамжинд тохижилт, ногоон байгууламж, шугам сүлжээний засвар арчлалт хийхээр төлөвлөгөө гаргасан билээ. Ингэхдээ жуулчдын ихээр зорчдог Чингисийн өргөн чөлөө буюу 120-ийн уулзвар, Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж буюу Хуримын ордны урд тал, Үндэсний соёл, амралтын хүрээлэнг тойрсон зам зэрэг гудамж, талбайд ногоон байгууламж түлхүү тавьж, тохижуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зураг төслийг нь гарган баталжээ.