УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болоход зургаа хоног үлдэж, шинэ парламентыг бүрдүүлэх 76 гишүүн тодрох хугацаа хаяанд ирлээ. Сонгогчдын сонголтод хүчтэй нөлөө үзүүлж ирсэн “зэвсэг” бол сонгуулийн мөрийн хөтөлбөр. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН ямар хөтөлбөр санал болгосныг тоймлоё.
МАН ард түмний итгэлийг хүлээвэл мэргэжлийн Засгийн газар байгуулан ажиллах нь. Мэргэжлийн Засгийн газрыг байгуулснаар өнгөрсөн хугацаанд гарсан бодлогын алдааг засаж, эдийн засгийн хүндрэлийг даван туулна гэж үзэж байна.
Сүүлийн гурван жил дараалан улсын нэгдсэн төсөв 1 их наяд төгрөгөөр тасарсны зэрэгцээ хувийн хэвшлүүд олноороо хаалгаа барьсан нь ажилгүйдлийн түвшинг өсгөөд байгаа. Тус нам энэхүү хүндрэлийг “Хямралыг даван туулах онцгой нөхцөл” арга хэмжээг хэрэгжүүлснээр сөрж зогсон, эдийн засгаа дахин сэргээнэ гэж үзэж байна.
Авах арга хэмжээнд нь төсвийн үр ашиггүй зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах нь. Төсвийн алдагдлыг өндөр хүүтэй зээл, эх үүсвэрээр нөхөхгүй.
Төр арилжааны банкнаас авах зээлийг бууруулах замаар иргэд, аж ахуйн нэгжид олгох зээлийг нэмэгдүүлнэ. Төсвийн нэгдмэл байдлыг ханган, төсвийн гадуурах санхүүжилтийг зогсоож, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох нь. Төсвийн хөрөнгө оруулалтаар нэн шаардлагатай обьектуудыг санхүүжүүлнэ.
Монголбанкны хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр, Хөгжлийн банкны Чингис, Самурай бонд, зээлийн зарцуулалтыг дүгнэж, төсөл хөтөлбөрт үнэлгээ хийж, зориулалт бусаар ашигласан, хугацаа хэтэрсэн зээлийг буцаан төлүүлэх нь.
Төрийн байгууллагуудын ажил үүргийн давхардлыг арилгах, нэгтгэх замаар төсвийн байгууллагын тоог цөөлж, оновчтой бүтцийг бий болгох юм байна.
Хувийн хэвшлүүдээ хөл дээр босгохын тулд татварын таатай орчин бүрдүүлэх нь. Үүнд жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно. Шинээр татвар бий болгохгүй, мөн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зорилт дэвшүүлжээ.
Мөн бизнесийн орчин дахь төрийн оролцоог багасгаж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес эрхэлдэг байдлыг таслан зогсоох бол хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг дахь бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор “Бүсийн хөнгөлөлтийн бодлого” хэрэгжүүлэх юм байна.
МАН-ын хувьд эдийн засгийн хүндрэлийг даван туулж байсан туршлага бий. Тодруулбал, 2009 онд дэлхий дахинд санхүү эдийн засгийн хямрал нүүрлэж, Монгол Улс түүнтэй нүүр тулахад тухайн үеийн Засгийн газар нь УИХ-аар “Хямралыг даван туулах хөтөлбөр” батлуулж, богино хугацаанд гэтэлж байсан юм.
Хувийн хэвшлүүдээ хөл дээр босгохын тулд татварын таатай орчин бүрдүүлэх нь. Үүнд жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно. Шинээр татвар бий болгохгүй, мөн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зорилт дэвшүүлжээ.
Уул уурхайн салбараас Монгол Улс 2012 онд 4.7 их наяд төгрөг “босгож” байсан бол 2015 онд 1.2 их наяд болж, дөрөв дахин буурсан. Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ унасан нь уул уурхайн экспортоос олох орлогыг эрс бууруулсан гэж эрх баригчид тайлбарладаг.
Харин МАН Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон төслүүдээ амжилттай явуулж чадаагүй, “Чалько”-той байгуулсан урт хугацааны гэрээг цуцалснаар 70 ам.доллараар нийлүүлэх байсан нүүрсний үнийг 30 хүрэхгүй ам.доллараар худалдах ашиггүй хувилбар луу шилжүүлсэн гэж үзэж буй. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд МАН байгалийн баялгаа нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох талд бодлогын томоохон алхам хийнэ гэж үзжээ.
Ингэхдээ төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг сайжруулж, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг томоохон компаниудын үр ашгийг иргэн бүрт хүртээмжтэй байлгах бололцоог бүрдүүлнэ. Үүний тулд иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгоно, уул уурхайгаас олох орлогыг одоо болон ирээдүй хойч үедээ тэгш оновчтой хүртээхийн тулд Баялгийн сангийн тухай хуулийг батлах юм байна.
Г.ХОРОЛ