-Ром хотын анхны эмэгтэй дарга Виржина Рагги “Таван од” хөдөлгөөний тод од боллоо-
Италийн нийслэл Ром хотын 3000 орчим жилийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн даргаар сонгогдлоо. “Таван од” хөдөлгөөний гишүүн Виржина Рагги өнгөрсөн долоо хоногт болсон сонгуульд 67.2 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Түүний ялалт Италийн ерөнхий сайд Матьё Рензийн Ардчилсан намд том цохилт болжээ.
ХУВИЙН АМЬДРАЛ
Виржина Рагги ирэх долдугаар сард 38 нас хүрнэ. Тэрбээр Италийн Ром хотод төрж өсчээ. Виржина “Roma Tre” их сургуульд хуульчийн мэргэжлээр суралцаж, иргэний шүүхийн чиглэлээр мэргэшсэн аж. Англи, франц, испани хэлээр чөлөөтэй харилцдаг. Католик шашинтан боловч ижил хүйстний гэрлэлтийг дэмждэг. Виржина “Таван од” хөдөлгөөний гишүүн Андреа Северинитэй гэрлэсэн. Ганц хүү Маттьё нь өдгөө долоон настай.
АНДРЕА СЕВЕРИНИ БА ВИРЖИНА РАГГИ
Нөхөр нь түүнийг “Таван од” хөдөлгөөнд элсүүлснээр 2011 онд улс төрд орсон байна. Өмнө нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан Виржина Рагги сүүлийн хэдэн жил Ром хотын удирдах зөвлөлд ажиллажээ. Улс төрд орох болсон шалтгаанаа Виржина “Цаашид зүгээр хараад суугаад байж тэвчихгүй болсон” хэмээн ярьжээ. Андреа Северини эхнэрийнхээ ялалтыг бахдан “Эрслэнгийн зүрхтэй бүсгүй” хэмээн нэрлэснийг шар хэвлэлүүд онцолж байв.
Виржина Ромын хотын удирдлагыг авлигаас, гудамж талбайг хогноос салгах амлалт өгөөд байгаа юм. Түүнчлэн Ром хотын уналтад орсон дэд бүтцийг сэргээх ажлын хүрээнд цахилгаан болон шатахуунаар ажилладаг ”hybrid” автобусаар нийтийн тээврийг хангах зорилго тавьжээ. Гэвч түүнийг нас залуу, туршлага багатай хэмээн шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байна.
“Таван од” хөдөлгөөн
Европт үл итгэгч, популист “Таван од” хөдөлгөөнийг 2009 онд Италийн инээдмийн жүжигчин Беппе Грилло үүсгэн байгуулжээ. Тус хөдөлгөөн усны компаниудыг хувьд шилжүүлэхийг эсэргүүцэж, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт нийтийн тээврийн технологийг хөгжүүлэх, иргэдийг үнэгүй интернэтээр хангахыг дэмждэг аж. Ромоос гадна Турин хотын даргаар “Таван од” хөдөлгөөний эмэгтэй гишүүн Чиара Аппендино сонгогдсон байна. Ром болон Италийн бусад том хотуудын даргаар “Таван од” хөдөлгөөний нэр дэвшигчид ялалт байгуулснаар ирэх 2018 оны сонгуульд том хөшүүрэг болно хэмээн ажиглагчид дүгнэж байна.