“Гэмтнийг илчилбэл урамшуулдаг болно”

Хуучирсан мэдээ: 2016.06.23-нд нийтлэгдсэн

“Гэмтнийг илчилбэл урамшуулдаг болно”

Иргэд орчин тойрондоо гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бичлэгээр баримтжуулж, газар дээрээс нь цагдаагийн байгууллагад мэдээлэх боломжтой болсон билээ. Тухайлбал, иргэд http://www.neighbourhood.mn/ сайт, “IPOLICE” апликейшнээр дамжуулж хэрэг, зөрчлийн мэдээллээ цагдаагийн байгууллагад өгдөг болсон. Тэгвэл энэ хөтөлбөрийн хэрэгжилт хэр байгаа талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Зоригтбаатараас тодрууллаа.


-Иргэд цахим орчноор дамжуулж цагдаагийн байгууллагад мэдээлэл хэр өгч дадаж байна вэ?

-Иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг хангахын тулд Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Хөршийн хяналт” хөтөлбөрийг эхлүүлсэн. Ингээд иргэд сайн дураар нэгдэх замаар хөтөлбөрт хамрагдах юм. Иргэд сайн дурын үндсэн дээр хэсгийн байцаагчтайгаа итгэлцлийн гэрээ байгуулж, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллана. Тухайн орчинд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг иргэд өөрсдөө цагдаагийн байгууллагад өгнө гэсэн үг. 2015 онд бэлтгэлээ базаасан уг төсөл  2016-2020 онд хэрэгжих юм.

-Хүмүүс, айл өрхүүд ямар байдлаар төсөлд оролцох вэ?

-Байраараа нэгдээд Хөршийн хяналтын бүлгийн ахлагчаа сонгоно. Тэр ахлагч нь хэсгийн байцаагчтай итгэлцлийн гэрээ байгуулна. Ингээд тухайн ахлагч нар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх сүлжээг бий болгож байгаа юм.

Тэдэнд зориулсан “Хөршийн хяналтын бүлэг” гэсэн цахим хуудсыг ажиллуулж байгаа. Бүлгийн ахлагч нар хэсгийн байцаагчтай итгэлцлийн гэрээ байгуулаад цахим хуудсанд нэвтрэх эрх авах юм. Ингээд хөршийн хяналтын бүлгийн гишүүд гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хоорондоо солилцож, цагдаагийн байгууллагад өгөх боломжтой. Өнөөдрийн байдлаар 856 хөршийн хяналтын бүлэг, 2200 гаруй гишүүн бүртгэгдсэн байна.

-Хэрэг зөрчлийг мэдээлсэн иргэнийг урамшуулдаг болно гэж байсан?

-Иргэн гэмт хэргийн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгнө. Тухайн хэрэг нь батлагдаад шалгагдаж эхэлсэн тохиолдолд иргэнд мөнгөн урамшуулал олгох тогтолцоотой болгохоор ярьж байгаа. Гэхдээ нийслэлийн Иргэдийн хурлаар эцэслэн тогтоогоогүй байна. Энэ онд багтаж батлагдах болов уу.

Олон нийтийн сүлжээгээр үнэн, худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гардаг. Тухайн мэдээллийг баталгаажуулж, шалгах гэхээр хэн тараасан холбогдох эзэн нь олддоггүй. Тиймээс энэ мэдээллүүдийг иргэдийн оролцоотойгоор цагдаагийн байгууллагад төвлөрүүлэхээр ажиллаж эхэлсэн. Мөн энэ хүрээнд ухаалаг гар утсанд зориулаад “IPOLICE” гэх аппликейшныг хоёрдугаар улирлаас хэрэгжүүлж эхлээд байна. Гол нь энэ аппликейшныг ашиглахдаа бүртгэл шаардахгүйгээр бичлэг, зураг оруулах боломжийг олгож байгаа. Тухайн мэдээлэл өгсөн иргэний и-мэйл хаяг автоматаар бүртгэгдээд, эргээд тэр хэрэг нь хэрхэн шийдвэрлэгдсэнийг аппликейшнээр харах боломжтой.

-Энэ хугацаанд апликейшнд хэрэг зөрчлийн талаар хэр мэдээлж байна вэ?

-100 гаруй мэдээлэл ирсэн байна. Эдгээр хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Ихэвчлэн зам тээвэр, орчинд нь гарч буй гэмт хэрэг зөрчил, архидан согтуурах, согтууруулах ундааг цаг хэтрүүлэн борлуулдаг газруудтай холбоотой мэдээлэл ирж байна. Гэхдээ цагдаагийн байгууллагад аль хэдийн шалгаж байгаа хэргийн мэдээлэл ч багагүй ирдэг.

-Тухайн процесст иргэн бичлэг хийгээд апликейшнд орууллаа гэж бодъё. Хэдий хугацааны дараа цагдаа нарт бичлэг нь хүрч, шийдвэрлэгдэх юм бэ?

-“IPOLICE” аппликейшнээр ирсэн мэдээллийг харьяа дүүргийнх нь цагдаагийн хэлтэс рүү автоматаар шилжүүлж байгаа. Апликейшнд ямар мэдээлэл ирж байгааг хянаж суух ажилтан бий. Ингээд минут ч хүрэхгүй хугацаанд харьяа дүүргийнх нь цагдаагийн хэлтэс рүү шилжүүлээд тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаад мэдээлэл дамжуулдаг.

-Сонгуультай холбоотойгоор эвлүүлсэн зураг, бичлэг ихээр явж байна. Энэ мэтчилэн худал мэдээлэл ирж байна уу?

-Апликейшнд сонгуультай холбоотой мэдээлэл ирээгүй байна.

-Худлаа мэдээлэл ирсэн тохиолдолд яаж хянах вэ?

-Өнөөдрийн байдлаар худал мэдээлэл өгсөн тохиолдол байхгүй. Ер нь цаашид эвлүүлсэн зураг, буруу ташаа мэдээлэл өгсөн тохиолдолд цагдаагийн байгууллага өөрийнхөө журмаар шалгаж, худал мэдээлэл нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

-102, 103 гээд яаралтай үеийн дуудлага, үйлчилгээг утсандаа  нэгжгүй үед ч ашиглах боломжтой байдаг. Тэгвэл энэ апликейшныг нэгжгүйгээр ашиглах боломж бий юу?

-Иргэний утас нэгжтэй, нэгжгүйгээс үл хамаараад апликейшнээр гэмт хэргийн мэдээллээ өгдөг, авдаг, сэрэмжлүүлэг авдаг болгохоор операторуудтай гэрээ байгуулж байгаа. Энэ ондоо багтаж үнэгүй ашиглах боломжийг нээнэ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж