УИХ-ын 2016 сонгуулийн сунгаа ид өрнөж байна. Нийтдээ 498 хүн нэр дэвшсэнээс нэг хүнийг СЕХ-ноос шүүхийн шийдвэр дээр үндэслэн хууль зөрчсөн гэх асуудлаар нэр дэвшигчээс хассаныг эс тооцвол болдог юм болдгоороо болж, нэр дэвшигчид уралддагаараа уралдаж байна.
Сонгууль хэзээ байтлаа хэрүүл уруул, хар пи-аргүй болдог билээ дээ. Тэр утгаараа гүжирдсэн, гүтгэсэн, нэр төрд халдсан, самбар урсан гэх гомдол тасрахгүй байгаа бололтой. Санал хураах хугацаа ойртох тусам нэр дэвшигчдийн сурталчилгаа идэвхжиж байна. Гэхдээ “Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг жамтай” хойно нэр дэвшсэн болгон гишүүн болохгүй нь нэн ойлгомжтой. Монгол Улсын 76 тойрогт өрсөлдөж буй 497 хүнээс ердөө 76-д нь УИХ-д суух эрхийг сонгогчид олгоно. Дараагийн парламентад ямар хүмүүс гарч ирэхээс төрийн шийдвэр шууд хамаарна гээд хэлчихэд буруудахгүй биз.
Аль нам олонх болох хийгээд хэн гишүүн болох вэ гэдгээс эдийн засгийн макро, микро асуудлууд ч хамаарах юм.
З.Энхболдын парламентаас дараагийн парламентад даалгавар олон үлдээж буйн дотор олны анхаарал татсан хоёр том асуудал бий. Нэг нь эцэг хуулийг эх нэртэй болгох Үндсэн хуулийн өөрчлөлт. Гурван ч парламент дамжин яригдаж буй Үндсэн хуулийн шинэчлэлтийг хийх чадамжтай парламент байгуулагдах уу гэдэг нэгдүгээр асуудал. Учир нь энэ удаагийн сонгуульд дуучин, жүжигчин, олимпийн болон тив дэлхийн аваргууд, үндэсний бөхчүүд, яруу найрагчид, өнгөт хувьсгалчид, популистууд гээд элдэв янзын эрээвэр хураавар нөхдүүд нэр дэвшиж, энэ янзаараа Монголын төрийн дээд байгууллагын хууль тогтоох, батлах гэсэн үндсэн гол агуулга алдагдаж мэдэхээр байна.
Өнөөгийн парламентаас дараа “үе”-ийнхэндээ даалгавар болгон үлдээж бас нэг том асуудал бол Тавантолгойг хөдөлгөх. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын болон УИХ-ын боловсруулсан хоёр төсөл бий. Хэн УИХ-д олонх, хэн хаанаас гарч ирэхээс шалтгаалан Тавантолгой төсөл хэрхэн яаж хөдлөх вэ гэдэг шийдэгдэнэ.
Хорвоо дэлхий гэрлийн хурдаар хувьсан өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор улс төр, эдийн засаг, нийгэм дэх өөрчлөлтүүдийг дагаад Үндсэн хуулийг шинэчлэх асуудлууд амьдралаас урган гарч ирж буй. Гэвч, Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэдгийг ард нийтээс эхлээд асуухаар болсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиа өөрчлөх үү, өөрчлөх бол дараагийн парламентад чадамж байгаа юу гэдгийг иргэдийн санал асуулгаар шийднэ. Гэхдээ энэ парламентын хийж чадаагүй ажлыг дараагийн парламент даалгавар болон гүйцэтгэнэ гэж итгэхэд бэрх. Чухамдаа урлаг спортынхон болоод гацаагчид, буцаагчид, популистууд УИХ-д гараад ирвэл яах уу?
Нөгөөтэйгүүр, өнөөгийн парламентаас дараа “үе”-ийнхэндээ даалгавар болгон үлдээж буй бас нэг том асуудал бол Тавантолгойг хөдөлгөх. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын болон УИХ-ын боловсруулсан хоёр төсөл бий. Хэн УИХ-д олонх, хэн хаанаас гарч ирэхээс шалтгаалан Тавантолгой төсөл хэрхэн яаж хөдлөх вэ гэдэг шийдэгдэнэ.
Энэ мэтээр З.Энхболдын парламентын хийж чадаагүй ажлыг даалгавар болгон авч байгаа дараагийн парламентын дүр төрхөөс хамаараад Төрийн бодлого яаж, ямар замаар явах нь хүртэл шийдэгдэх юм. Тиймээс энэ удаагийн сонгуульд хэнийг Их хуралд гаргах вэ гэдгээ иргэд сайн бодож шийдэх учиртайг сануулмаар байна.
Энэ маань дуулдаг юм, барилддаг юм, хөөрхөн хүүхэн юм, баян залуу юм гэсэн маягаар асуудалд хандахгүйгээр хууль эрх зүйн мэдлэг, ядаж л хувь хүний зан чанарыг нь голлож харж байж сонголтоо хийхгүй бол эцэст нь эдийн засгийн хямрал иргэд бидний нуруун дээр бууна.
Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай гэдэг шиг ямар хүмүүсийг төрд гаргахаа иргэд та бүхэн шийдэх эрх мэдэл гарт чинь байна шүү.
Ж.ЭРХЭС