Хятадын өмнөд хэсэгт орших Юулон хотод жил бүр зохион байгуулагддаг нохойн махаар хийсэн хоолны фестиваль мягмар гаригт болжээ. Амьтдыг хамгаалах нийгэмлэгээс эл арга хэмжээнд хүчтэй шүүмжлэл, эсэргүүцлийг үзүүлсэн ч дийлээгүй байна.
Худалдаачид нохойг бөөнөөр нь нядалж, махыг нь Юулон хотын хоолны газруудад зардаг байна. Фестивальд оролцогчид нохойн махыг уг худалдаачдаас авдаг байна. Хотын оршин суугчид эсэргүүцэгчдийг тэдний уламжлалыг үгүй хийхийг оролдож байна хэмээн үзэж байгаа аж.
“Бидний Юулонд ирсэн шалтгаан бол эдгээр хүмүүст нохой бол бидний найз гэж хэлэхээр ирсэн. Тэд маш олон нохойнуудыг хэрцгий аргаар нядалж байна. Бас тэдгээр нохойнуудын ихэнхи нь тэжээвэр нохойнууд байсан” хэмээн Чонгкинг хотын сайн дурын ажилчин Янг Юу Хуа хэлжээ.
Жил бүр Хятадад нохойны махыг ашиглах зорилготойгоор 10 сая-20 сая нохойг нядалдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд тиймээс энэхүү фестиваль нь маш их эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Эдгээр нохойны ихэнх нь эзэнтэй, тэжээвэр нохойнууд эсвэл гудамжны нохойнууд байдаг бөгөөд тэдгээрийг барьж торонд хийн Бээжингийн өмнөд хэсгээс 2010 км-ийн зайтай орших Гуанши мужид авчран хоол, усгүй байлгадаг байна.
Юулон хотын захиргаанаас сүүлийн жилүүдэд уг фестивалийг зогсоох, нохой нядалдаг газрыг хаах, нохойн махны худалдаа эрхэлдэг хүмүүсийн үйл ажиллагааг хязгаарлах тал дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа юм. Энэхүү нохойн махаар хийсэн хоолны үзэсгэлэн нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүйгээс гадна үүнтэй холбоотой хууль, дүрэм байдаггүй хэмээн тус хотын захиргаатай утсаар холбогдоход хэлжээ.
Тус фестивалийн үеэр 10,000 нохойг нядалдаг бөгөөд тус үйл ажиллагааг зохион байгуулдаг хүмүүсийн хэлж буйгаар нохойны мах зуны халуун цагт идэхэд тохиромжтой сэрүүн төрлийн мах бөгөөд бодисын солилцоонд сайнаар нөлөөлдөг гэжээ.
Хотын оршин суугч Хуан “Associated Press”-д хэлэхдээ:
“Энэхүү фестиваль нь уламжлал болон зохиогдоод олон жил болж байна. Үүнийг өөрчлөнө гэдэг тийм ч хялбар биш” гэсэн байна.
Matt Damon, Rooney Mara зэрэг одууд Өмнөд Солонгос, Хятад болон зарим Азийн орнуудыг нохойг олноор нядлах, махыг нь хоол хүнсэндээ хэрэглэхээ болихыг уриалжээ.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: NY DAILY NEWS