Хуучирсан мэдээ: 2016.06.22-нд нийтлэгдсэн

Самбарын “дайн”

Зургадугаар сарын 29-ны лхагва гаригт УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт явагдана. Хуулийн дагуу энэ өдрөөс нэг хоногийн өмнө буюу энэ сарын 27-ны 24.00 цагт нэр дэвшигчилд сурталчилгаагаа зогсоож, самбаруудаа буулгаж авсан байх ёстой.

Өмнө нь томсгосон тойргоор сонгууль болдог байхад самбараа хугацаандаа хурааж авах гэж нэр дэвшигчдэд бөөн ажил болдог байв. Харин энэ удаагийн сонгууль жижиг тойргоор явагдаж байгаа дээр нь нэр дэвшигчид өөрсдөө самбараа хийж, тавьж байгаа болохоор хугацаандаа “хурааж” авахад асуудалгүй амархан болсон биз.

Хатуугаас хатуу хууль үйлчилж байгаагийн хувьд нэр дэвшигчдийн гол сурталчилгаа самбар болон сошиалд төвлөрч байна. Ялангуяа самбар дээр.

Түүнийг нь дагаад ч самбаруудаа хулгайд алдсан, бусдад уруулсан,усанд урсгасан, сохлуулсан зэрэг гомдол Цагдаагийн ерөнхий газарт нэр дэвшигчдийн штабуудаас тасралтгүй ирсээр байгаа гэнэ. Хоёр өдрийн усан бороонд олон самбар урсан одсон зураг олон нийтийн сүлжээнд тавигдаад байгаа билээ.

Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээг харахад тавдугаар сарын 20-ноос энэ сарын 17-ныг хүртэл хугацаанд Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 604 гомдол, мэдээлэл иржээ. Нийт гомдлын 362 нь Улаанбаатар хотод нэр дэвшигчдийн штабаас ирүүлсэн бол 242 нь хөдөө орон нутгаас ирүүлсэн байна. Бүртгэгдсэн зөрчлийн ихэнх нь сурталчилгааны самбар урсан гэх гомдол юм байна.

Бүртгэгдсэн зөрчлийг тодруулбал:

  1. Сурталчилгааны самбар, зурагт хуудас, бусад эд зүйл гэмтээсэн 174

  2. Нэр дэвшигчийг мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудас, пэйж хуудсаар гүтгэсэн, нэр төрийг нь гутаасан 76,

  3. Бэлэг сэлт, эд зүйл тараасан, дайллага цайллага хийсэн 65,

  4. Ухуулга сурталчилгаа хийх үеэр саад учруулсан 23,

  5. Сурталчилгааны байр, намын байранд танхайрсан 30 тохиолдол бүртгэгджээ.

Хэрэв самбар урвал нэг сая 200 мянгаар торгуулах хуулийн заалттай. Гэхдээ одоогоор хэн нэгэнд энэ торгуулийг оногдуулаагүй байгаа юм. Самбар урагдсан явдал хоёр талтай. Зарим нэгнийхийг нь санаатай урсан байх. Харин зарим нь санамсаргүйгээр урагдсан байх.

Ямар ч байсан сонгуулийн сурталчилгаа дуустал тавхан хоног үлдээд байгаа бөгөөд энэ хугацаанд хичнээн нэр дэвшигчид самбараа уруулж, хулгайд алдаж, эрүүчүүлж, элдвээр сохлуулахыг хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ чинь сонгууль шүү дээ.

 Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж