Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол оронд улс төр, эдийн засаг, нийгмийн шинжтэй гүнзгий хямрал нүүрлэж, хамгийн хүнд ачааг жирийн иргэд бид нуруун дээрээ үүрч арай ядан бэдэрч яваа нь өнөөдрийн бодит дүр зураг. Энэ удаагийн сонгууль энэ байдлыг засч залруулах эс бөгөөс улам дордуулах байдалд хүргэж болзошгүй хариуцлагатай сонгууль болох нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, зөв бодолтой, боловсролтой, чадалтай, зангарагтай тийм л хүмүүст төрийн алтан жолоог атгуулах цаг болсныг өнөөгийн нөхцөл байдал бидэнд сануулсаар байгаа билээ.
"Монголд хууль тэгш бус үйлчилдэг. Нийгмийн амьдралын дээд түвшинд хууль үйлчлэхгүй байна"
Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, ажлаа мэддэг, хийж чаддаг эрхэм бол Завхан нутгийн унаган хүү Ш.Сайхансамбуу. 2008 онд Завханчууд түүнийг сонгож төр түшүүлэхээр илгээсэн. Ш.Сайхансамбуу дөрвөн жил төрийн хууль тогтоох дээд байгууллагад ажиллахдаа сонгогчдыг ахиж дэвших шат болгож ашиглачихаад хаячихдаг нэгэн биш, харин төрийн түшээ хүн юу хийж болдгийг, юу чаддагийг харуулсан юм. Шударга үнэн үгтэй түүнийг элдвээр мохоох гэж, хийж бүтээх үйлсэд нь саад болох гэсэн оролдлого нэг бус удаа гарсан ч Ш.Сайхансамбуу гэдэг хүн замаасаа хазайлгүй, ноён нуруутай цэгц явж ирсэн билээ.
Товчхондоо, бүхнийг хуулийн хүрээнд авч үзэх нь түүний баримталдаг хамгийн том зарчим. Гэвч хууль сахиж биелүүлсэн нь хохироод, хууль бусыг үйлдсэн нь хождог шударга бус үйлдэл арилахгүй байгаад бухимдаж явдагаа тэр нуудаггүй. Ш.Сайхансамбуу энэ талаар, "Монголд хууль тэгш бус үйлчилдэг. Нийгмийн амьдралын дээд түвшинд хууль үйлчлэхгүй байна. Хуулийг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх учиртай хууль, хүчний байгууллагын удирдах ажилтны томилгоо төрийн биш улс төрийн агуулгатай болоод байна. Аль нэг улс төрийн хүчний ашиг сонирхлыг хамгаалсан хуулийг хүчний байгууллага хэзээ ч шударгаар хэрэгжүүлж чадахгүй. Тиймээс энэ бүгдийг засахын төлөө өөрийн чадах бүхнээ хийхийг хичээж ирлээ. Санаачилсан хуулийн төслүүд, гишүүдтэй хамтран өргөн барьсан хуулиуд маань үүний илэрхийлэл болов уу. Монгол бол тусгаар тогтносон улс, НҮБ-ын гишүүн орон. Тусгаар тогтносон улсын хувьд өөрийн хууль дүрэмтэй, жаяг журамтай. Бүхнийг хуулийн хүрээнд явуулах учиртай. Монгол Улсад одоо УИХ-аар хэлэлцэж батлаад гаргачихсан 500 орчим хууль үйлчилж байна. Харамсалтай нь хууль байвч биелэлт нь сул байна. Би бизнес эрхэлж байхдаа хууль хэрэгжихгүй байгааг яс махандаа шингэтэл ухаарсан. Тиймээс хууль тогтоох байгууллагад ажиллаж, энэ бүхнийг чадах чинээгээрээ засч залруулах гэж хичээж, зүтгэж явна" хэмээн ярьсан нь хэвлэлийн хуудаснаа тод үлджээ.
"Манайд өнөөдөр төрийн ажил хавтгайраад, намын найр болчихсон"
Ш.Сайхансамбуу улсын төсвийн хөрөнгийг буруу хуваарилж, үр дүнгүй зарж байгаа талаар 2008-2012 онд гишүүнээр ажиллах хугацаандаа чуулганы танхимд хатуухан үгийг хэлж, шүүмжлэхээс эмээдэггүй байв.
Ямартай ч тэр, "Төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажил шат дамжлага ихтэй, өндөр өртөг зардалтай, хэтэрхий үрэлгэн байгаа нь ил харагдаж байгаа дутагдал. Улсын төсвийг яаж бүрдүүлэх вэ гэж аргаа барж байсан 1990-ээд оны хүнд цаг үетэй харьцуулбал өнөөдөр арай өөр болсон. Харин татвар нэрээр цуглуулж авч байгаа төсвийн зарцуулалтад тавих хяналт, хариуцлагын тогтолцоо туйлын хангалтгүй байна. Төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг, ийм үйлдэл хийлгэхгүй байх хяналтын тогтолцоог хууль эрх зүйн хүрээнд бий болгож, хамгийн гол нь үүнийгээ хэрэгжүүлдэг байх нь чухал.
Нөгөө талаар уул уурхай, байгалийн баялгаас улсын төсөвт орж ирэх мөнгийг нэмэгдүүлэх арга замыг хайх хэрэгтэй. Би аж ахуйн ажлыг өөрөө гардаж, хяналт тавьж ажиллаж сурсан хүн. Манайханд өгсөн үүрэг даалгавартаа эргэж хяналт тавьдаггүй том дутагдал бий. Өндөр хөгжилтэй орнуудад хяналтын систем асар өндөр хөгжсөн байдаг. Хүний мууг үзэх гэж байгаа юм биш. Манайд өнөөдөр төрийн ажил хавтгайраад, намын найр болчихсон" гэдгийг олонтаа онцолж байлаа.
"Би улстөрд харьцангүй хойно буюу 49 настайдаа орсон. Ингэж орлоо гээд хохирсон зүйл алга"
Тэр улс төрд харьцангуй орой орж ирсэн. Өмнө нь бизнесийн салбарт 20 шахам жил хатаагдсаны хувьд улс орны эдийн засаг, ард түмний амьдралын нарийн ширийн зовлонг хамгийн сайн мэднэ. Тэр ч утгаараа Их хурлын танхимд ажиллахдаа гаргаж байсан санал бүр нь үндэслэл сайтай байдгийг завханчууд ч хэдийнээ анзаарсан биз ээ.
Ш.Сайхансамбуу энэ тухай, "Би улстөрд харьцангуй хойно 49 настайдаа орсон. Болоогүй гээд л хойш нь тавиад байсан. Ингэж орлоо гээд хохирсон зүйл алга. Харин хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан хэлэх үгээ хэлж, сонсох юм аа сонсох тэвчээртэй болсон.
Улс орны хэмжээний болон тухайн салбарын хөгжил дэвшилтэй зайлшгүй холбоотой зарим асуудал мухардал гацаанд ороод явахгүй байх тохиолдол олон байна. Заримыг нь цааш хөөгөөд судлаад үзэхээр эрх зүйн зохицуулалтын хувьд Үндсэн хууль руу очоод тулчихаж байгаа юм бий. Тиймээс Үндсэн хуультай холбоотой асуудлыг шийдээд өгчих хэрэгтэй санагддаг" хэмээн тодотгож байсан юм.
"Орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжсэн маш том хууль хэрэгтэй"
Хөдөлмөрлөж, хийж, баялаг бүтээж байгаа үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн улсын төсвийг яаж бүрдүүлдэг вэ гэдгийг хамгийн сайн мэддэг хүн бол Ш.Сайхансамбуу.
"Бизнес эрхлэгчдийг маш өндөр түвшинд дэмжих хэрэгтэй байна. Бизнес эрхлэгчид бол нийгмийн баялгийг бүтээгчид. Ялангуяа шинээр бизнес эрхлэгчид, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжсэн маш том хууль хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийг дэмжээд ирэхээр ажлын байр аяндаа бий болно, Төр баялгийг бүтээгч биш, зохицуулах үүрэгтэй байгууллага. Татвараас авахуулаад ажиллах зүйл маш их байна. Хоёрдугаарт, миний нас тавь хол давж явна. Юу эсийг үзэх вэ. Хуулийг дээдлэн ажиллая, монгол хүний зан чанар, чадвар чадамж, нөхцөл байдалтай уялдсан, бүх бизнесийн салбарт тохирсон хууль санаачилья гэсэн хүсэл, зорилго их байна.
Ер нь улс орны эдийн засгийн ачааны хүндийг үүрч, баялгийг бүтээж байгаа хувийн хэвшлийг дэмжиж, тэдний ажиллах бизнесийн эрх зүйн орчныг өнөөгийнхөөс сайжруулж чадвал халамж хүсдэг биш баялаг бүтээдэг иргэдийн тоо улам олширно" хэмээн Ш.Сайхансамбуу ярьж байна.
"Оюутолгойн гэрээг батлахад эсэргүүцсэн цөөхөн гишүүдийн нэг"
Оюутолгойн гэрээг батлахад иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан байр суурин дээрээ баттай зогсож эх орон ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж дуугарсан цөөхөн гишүүдийн нэг нь Ш.Сайхансамбуу. Энэ бол түүхэн үнэн юм. Тухайн үед үүнийг нь үнэлж "Эх оронч" гишүүнээр хүртэл тодруулж байв.
Эл асуудлын тухайд Ш.Сайхансамбуу, "Монголын ард түмний нутаг ус, газар шороогоо хамгаалах үзэл дээд цэгтээ хүрсэнтэй би санал нэг байдаг. Оюутолгой, Тавантолгойгоос Монголын ард түмэн асар их зүйл горьдож, амьдралын сайн сайхныг мөрөөдөж байгаа. Оюутолгойг УИХ-аар хэлэлцэхэд миний хувьд Монголын ард түмэнд ашигтайгаар боловсруулаасай гэж хүсч байсан. Гэтэл Оюутолгойн гэрээ эхнээсээ сайн хийгдээгүй. Энэ гэрээ анх намын бүлгээр орж ирэхэд "Эрдэнэт" үйлдвэрийг Оросын талтай манайх 51:49 хувийн харьцаатай эзэмшдэг. Оюутолгойг ч үүнтэй адил эзэмших ёстой гэсэн саналыг би хэлж байсан. Уг нь тэр дагуу хийж байгаа гэсэн ч яг батлаад гаргаад ирсэн чинь огт өөр болсон. Тиймээс Оюутолгойн гэрээг УИХ-аар батлахад эсэргүүцсэн зургаан гишүүний нэг нь би болсон юм. Зөвхөн Оюутолгой ч биш Монголынхоо сайн сайхны төлөө олон зүйлийг би хэлж ярьж ирсэн. Олон ч нийтлэл бичсэн. Төрийн өндөрлөгүүдийн урагшгүй байдлыг шүүмжилж, болж бүтэхгүй зүйлүүдийн талаар байр сууриа илэрхийлсээр ирсэн юм. Ингэхдээ ард түмний ярьж хэлж байгааг дамжуулж байгаагаас өөр зүйлгүй. Хөрсөн доороо ихээхэн баялагтай атлаа хөгжил нь буурай орнууд "эдийн засгийн алуурчид"-ын бай болдог гэдгийг харуулж байгаа жишээ олон. Баялагтаа өөрсдөө эзэмшиж ашиглаж чадаагүй, ядуурсан орныг "Баялгийн хараал" туссан хэмээн их гүрнүүд тохуурхаж байна. "Эдийн засгийн алуурчид"-д улс орноо сүйрүүлсэн Африкийн зарим орнууд байгалийн баялгаараа дэлхийд гайхуулж байсан гэхэд өнөөдөр итгэхэд хэцүү. Монгол Улс минь энэ буруу замаар явчих вий, эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж, улмаар тусгаар тогтнол хэмээх эрхэм, нандин зүйлд маань харшлах вий гэдэг нь сэтгэл эмзэглүүлсэн хурц асуудал. Тусгаар тогтнол гэдэг ямар үнэтэй цэнэтэй зүйл вэ гэдгийг бид Төвдийн жишээн дээр бэлхнээ харж байна.
2008 оны долдугаар сарын 1-нд юу болсоныг монгол түмэн бүгд мэдэж байгаа. Монголчуудыг өөр хооронд нь тэмцэлдүүлсэн энэ хэргийн цаана гадныхны нарийн аргаар холоос шидсэн чулуу байсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Тиймээс Монгол байгалийн баялгаараа дэлхий нийтийн анхаарлыг татсан энэ цаг үед амин хувиа биш улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолын асуудлыг түрүүлж тавьсан холч бодлого, эв нэгдэл жирийн иргэнээс эхлээд төрийн түшээд хүртэл бүр монголчуудад хэрэгтэй" хэмээн тухайн цаг үед байр сууриа илэрхийлж байсан нь одоо ч үнэ цэнээ алдаагүй байна.
Д.ЧИНГҮҮН
ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН СОНГУУЛИЙН 18-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ Ш.САЙХАНСАМБУУГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ