Нэгдсэн I эмнэлгийн салбар амбулаторийг нээлээ

Хуучирсан мэдээ: 2016.06.22-нд нийтлэгдсэн

Нэгдсэн I эмнэлгийн салбар амбулаторийг нээлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулаторийн нээлт өнөөдөр 11.40 цагт болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, тус эмнэлгийн захирал Б.Бямбадорж тэргүүтэй эмнэлгийнхэн оролцлоо. Нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори Засгийн газрын ордоны баруун талд, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хашаанд байрлаж байна. Улсын эмнэлэг эсвэл оффис барина хэмээн олон жил маргаан үүсгэсэн энэ байшинг засч янзлаад өнөөдөр ийнхүү амбулаторийн нээлтээ хийж байгаа нь энэ аж.

Амбулаторийн хувьд дүрс оношлогоо, имра, эхо дуран гээд 14 тасагтай, Нэгдүгээр эмнэлгийн эмч нараас гадна хүүхэд, эмэгтэйчүүд, гэмтлийн гээд нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үйлчлэх юм байна. Мөн Нэгдүгээр эмнэлэгтэй адил багаж тоног төхөөрөмжийг байрлуулжээ. Үүнээс гадна нарийн мэргэжлийн аппаратуудыг ч шинээр тавьж байгаа гэлээ. Салбар амбулаторид нийслэл төдийгүй улсын хэмжээний оношлогоог бүрэн хийх юм байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал Б.Бямбадоржийн хэлж буйгаар цаашид энд эмчилгээний нарийн шинжилгээнээс гадна судалгаа шинжилгээний төвийг нээхээр төлөвлөж байна. Туршилт судалгаа шинжилгээний институти, өдрийн эмчилгээ, мэс ажилбарын тасаг, хавдраас урьдчилан сэргийлж, эрт оношлуулах эмчилгээний багц төв, хавдрын хяналт эмчилгээний төв гээд нийтдээ 30 гаруй кабинетыг ажиллуулахаар төлөвлөжээ. Гэхдээ одоогоор энэ үйлчилгээ хараахан нэвтрээгүй байгаа гэлээ. Бүрэн хүчин чадлаараа ажилбал өдөрт 800-1200 хүнд үйлчлэхээр тооцолжээ.

Амбулаторийг өнгөрөгч даваа гаригаас ажиллуулж эхэлсэн байна. Эхний өдөр буюу даваа гаригт 180 хүн, хоёр дахь өдөр 210 хүн, өнөөдөр 11.00 цаг хүртэл 80 хүн амбулаториор үйлчлүүлжээ.

Дараагийн ээлжид амбулаторийн дэргэдэх барилгыг засварлаж Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийг оруулахаар зэхэж байгаа аж. Эмнэлгийн засварын ажилд нийтдээ 3.4 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа юм байна. Ингээд хоёр сарын дараа Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв стандартад нийцсэн зориулалтын барилгад орох талаар Эрүүл мэндийн сайд онцоллоо. Цаашид дүүргийн эмнэлгүүдийг том эмнэлгийн дэргэд, хамтарч ажиллуулах байдлаар зохицуулах төлөвлөгөөтэй байгааг ч энэ үеэр дуулгасан юм.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж