Язгуурын монголчууд болох Хитан нарын талаар гадаад дотоодын эрдэмтэн судлаач нар арвин их судалгаа хийж, олон талаас нь судалж тодотгосон байдаг тул олныг эс нуршин, зөвхөн БНХАУ-д хэвлэгдсэн “Үгийн далай” хэмээх их нэвтэрхий тайлбар тольд хэрхэн тайлбарласныг дурдвал: “Хитан нар угаас Дунху (Зүүн Ху буюу Хүн нар)-д хамаармуй. Умард Вэй улсаас янагш өдгөөгийн Ляо (Луух) голын дээд урсгал хавь нутагт нүүдэллэн аж төрмүй.
Тан улсын цагт Сунмо тегин толгойлж байсан бол Тангийн сүүлээр Шила аймгийн толгойлогч Абаози (өрнөдөд Амбагян, тухайн цагтаа Абага гэмүй) Хитан болоод хөрш аймгуудыг нэгтгэн Ляо улсыг (916-1125) байгуулсан аж. Хитаны нутагт олон дотор хүн очиж суурьшин, газар тариалан, гар урлалыг ихэд хөгжүүлсэн бөлгөө. 1125 онд Зүрчидийн Алтан улсад дарагдаж, нангиад, монгол, зүрчидтэй холилдон суусан. Хитаны язгууртан Елюй Даши өөрийн аймгийг тэргүүлэн баруунш нүүдэллэж, Алтайн чанад Дундад Азид Баруун Ляо (1124-1211) улсыг байгуулсан нь бас Хар Хитан хэмээмүй” гэснийг иш татсу.
Хитан бол язгуурын монголчууд мөн болохын хувьд тэдний тухай аливаа судлагдахуун, түүхийн эх сурвалж маш чухаг, үнэ цэнэтэй байх нь дамжиггүй. Хитанд холбогдох эдийн болон оюуны (бичмэл) соёлын дурсгал өмнөх үеийн өвөг монголчуудыг бодвол харьцангуй олноор энд тэндээс олдсон байдаг. Тухайлбал зөвхөн хитан хэл, бичгийн зүйлд хамаарах дурсгалт олдворууд гэвэл “Хитаны хаад, хатдын булш бунхны хөшөө чулуун дээр сийлсэн магтуу үгс, хүрэл толины бичээс, хаадыг бунхалсан бунхны тоосгон дээр сийлсэн эмгэнэлийн үгс, сав суулга, пайз гэргэ дээрх бичээс, түүнчлэн нангиад ном сударт үлдсэн хэсэг бусаг үсэг тэмдгүүд зэрэг хэдэн арав шахам зүйл байна.
Цаашилбал Унгарын нэрт монголч эрдэмтэн Жорж Кара: “Хитаны шүлэгч, найрагчдын яруу сайхан шүлэг холбоодын нангиад орчуулга нэлээд буйн дээр нангиад дуудлагаар галиглан бичсэн үгс ч хадгалагдаж ирсэн нь, чухам түүгээр бид алтай овгийн хэлнүүдийн дунд хитан хэлний эзлэх байрыг оноон тодорхойлж байгаа билээ” гэж дүгнэн бичсэн байдаг. Мэдээж зөвхөн хитан хэл бичиг гэлтгүй, Хитаны нийгэм, соёлын олон талаар нангиад хэлээр арвин их судлагдахуун байгааг БНХАУ-ын судлаачид нэлээн нарийвчлан судалж иржээ. Тэдгээрийн дотроос Өвөр Монголын эрдэмтэн Чингэлтэй нарын, хитаны бага бичгийг тайлан унших зорилгоор хийж ирсэн судалгаа хамгийн далайцтай нь юм. Судалгааны үр дүнд хитан хэл нь алтай овгийн хэл агаад, монгол хэлтэй аялгуутай маш ойрхон, үгийн санд нь монгол хэлний үгс олон байсан болох нь тогтоогдсон байдаг. Харин одоо хэр нь манайд тэдгээр судалгааг олж үзэж, орчуулан эрдэмтдийн хүрээнд оруулаагүй байна.
Үүний өмнө би бээр Хитан нарын уран барилгын гайхамшигт дурсгал болсон цамхаг суврага, “Мянганы тэртээх оньсого” хэмээгдсэн хитан их, бага бичгийн тухай танилцуулж байсан билээ. Энэ удаа Хитан нарын уран зургийн зүйлээс жишээ болгон цохолж ганцыг танилцуулсу. Ер нь ХII-ХIII зууны монголчуудын өмнөх үеийн өвөг дэдэс болсон Хитан нар баялаг соёлтой ард түмэн байсан нь мэдэгддэг бөгөөд тухайлах юмбол дээрх мэт уран барилга, хэл бичгийн гүнзгий эрдэм соёлоос гадна яруу найраг, дүрслэх урлаг, гар урлал, гоёл чимэглэлийн урлагаараа онцгой байсан нь түүхэнд арилшгүй ул мөр болон үлдсэн байдаг. Энэ бүгдийн заримд нь баруун газраас нэвтрэн дэлгэрсэн Бурхны шашны нөлөө багагүй буй нь өнөө бидний мэддэгээр ХVI-ХVII зууны үед Бурхны шашны нөлөөгөөр Монголын соёл дахин сэргэсэн тэр их сэргэн мандалтаас дутуугүй үйл явдал болж байжээ хэмээх бодол төрдөг юм аа. Өнөөдөр бид энэ тухай лавшруулан судалж бодит үнэн мөнийг нь сэргээн тогтоох асуудал тулгам болж байна.
Хитанчууд бурхны шашны гар урлалын гайхамшигт өв дурсгалуудаараа алдартай
Хитан нарын дунд авьяаслаг зураач, урчуул цөөнгүй аж төрж, бүтээн туурвиж явсан тухайд өмнөд хөрш нангиадын түүхэнд их бага мэдээ занги нэлээд үлдсэний дээр, бас цөөн боловч зураг сэлт эх хувиараа өнөө үед хүрч ирсэн нь БНХАУ, Тайвань болоод дэлхийн зарим томоохон музейнүүдэд хадгалагдан, үзэх хүмүүний мэлмийг мялаан баясгаж, өнө эртийн өвөг дээдсийн үүх түүхээс үггүй өгүүлэн хүүрнэнэм бүлгээ.
Тухайлбал, “Шонхор шувуугаар ав хийж буй зураг”, “Морьтон, сум талбиж буй зураг”, “Хээрийн цай зооглож буй зураг”….. гэх мэт нэлээд зураг буй нь цөм хитан зураачийн уран мутрын увьдас ажгуу. Ер нь Хитан нарын үеийн уран зураг нэлээд буй заримыг нь ч нангиад, зүрчид, тангад гээд өөр үндэстэн ястны зураач урчуул урласан нь ч бий тул түүхийг сэргээн тодотгохын тулд тэр бүгдийг хамруулан судлах ёстой, харин дотор нь ангилан ялгаж жинхэнэ Хитан зураачийн зурсан зургуудыг тусад нь авч үзэх нь зүйн хэрэг биз ээ.
Хитанчуудын аж төрөх ёсны хэв шинжүүдээс өнөөгийн монголчууд өвлөн авсан зүйл их
Хитан нарын дүрслэх урлаг гайхамшигтай хөгжиж байсныг энэ удаа ганцхан жишээгээр дурдахад Хитан гүрний нэгэн хааны бунхныг Өвөр Монголын Жирэм аймгаас олж малтан судлахад бунхны хананд урласан жилийн дөрвөн улирлыг харуулсан байгалийн үзэмж зураг нь өнөөдөр өөрсдийнх нь батлан тооцсоноор Хятадын хамгийн гоё сайхан уран зургуудын тоонд тооцдог ажээ. Энд үзүүлэн буй зургийн тухай өгүүлэхэд энэ бол Хитаны Их Ляо улсыг байгуулсан Абага хааны ууган хүү Елюй Бэйсүй Син (Бэсүүхэн) хэмээх алдарт зураачийн “Морьтон, сум талбиж буй зураг” хэмээх нэгэн бүтээл юм. Хаан хүү Эгүлэн Бэсүүхэн тухайн цагтаа олон талын гүзгий боловсрол эзэмшсэн хүн байсан нь хитан хэл бичигтээ гоц, нангиад хэлэнд нэвтэрхий, сайн яруу найрагч, гарамгай уран зураач байснаас нь илэрхий.
Түүний зурсан зургуудаас арван таван бүтээл бидэнд мэдэгдэж буйн нэг нь энэхүү “Морьтон, сум талбиж буй зураг” ажгуу. Зураг дээр та эртний монголчуудын дүр төрхийг ажихын хамт өдгөө бидний зан заншил, ахуй ёс, хувцас өмсгөл, эдлэл хэрэглэл мянганы тэртээд ч чухам ийм л янзаараа байсныг түвэггүй олж харж байгаа буй заа. Тэр бүгдийн дундаас нэгэн эрхэм ёс заншлын тухай тогтон өгүүлэхэд, тэр нь аль буй хэмээхүл мөнөөх Хитан эрийн хүлэг морины гөхөл, сүүлийг ихэд чамбай нямбай боосон нь эрхгүй нүдэнд содон тусч буй биз ээ. Тийм ээ, өнөөдөр Монгол газар наадмын хурдан морины гөхөл, сүүлийг ингэж нямбайлан боож “гоёдог” эрхэм ёсон мянганы тэртээх өвөг дээдсийн дунд ч байж шүү хэмээн бодогдохын ялдар бас тэгэхлээр Хитан нар яах аргагүй монгол угсаатан мөн юм аа хэмээн дахин бат нот хэлэх мэт ээ.
Төв Азийн нүүдэлчин угсаатнууд болсон эртний түрэг, тангад, зүрчид болоод тэдний удам хойчис болсон уйгур, хотон, түвд, манж нарын дунд ийм ёс бий бил үү? Үгүй байх аа. Энэ эрхэм ёсон зөвхөн морийг эрхэмлэн дээдэлж ирсэн морьтон монголд л байсан, байсаар байна биш үү? Чухам үүнийг тодотгон хэлж өгч, чухам үүгээрээ язгуур эртийн Хитан нар болоод монголчуудын удмын залгамж холбоог нотлон хэлж өгч байгаагаагаа энэ зураг үнэлж баршгүй чухаг юм. Зэрвэс харахад өчүүхэн төдий зүйл мэт боловч яах аргагүй асар их ач холбогдол өгч буй энэ зургийг үндэстний оршин тогтнохуйн учир утгыг агуулсан түүхэн уран бүтээл мөн гэж дүгнэхэд хэтрүүлсэн болохгүй буй заа.
Дэлхий дэлэгнэж, дэнж сэргэсэн дэлгэр зуны цагтаа морьтон монголчууд бид чухам л мянга мянган жилийн өмнөх агуу их ёс заншлаараа наадан цэнгэж, тэр тусмаа сэтгэлийн цог заль сэргээн хийморь хөгжөөн бадраадаг эрийн гурван наадамдаа цэцэг мэт алагланхан цугларан ирцгээдэг билээ. Түүний дунд мянганы тэртээх чанадаас улбаатай эрхэм ёсоор гөхөл сүүлийг нь гөлчийлгөн боосон аргамаг хурдан хүлгүүд эрвээхэй мэт эрвэлзэнхэн, хангарьд мэт хуурнин довтолгож айсуй. Хурай, дээдсийн мянган жилийн өв их ёсон мөнхжин дэлгэрэх болтугай!
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
Хэлбичгийн ухааны доктор Я.ГАНБААТАР