Хэн санал өгөх эрхтэй, хэн санал өгөх эрхгүй вэ?

Хуучирсан мэдээ: 2016.06.22-нд нийтлэгдсэн

Хэн санал өгөх эрхтэй, хэн санал өгөх эрхгүй вэ?

“Сонгогчийн болосвролд” зориулж иргэний бичиг баримт, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг хүргэж байна.  


УИХ-ын болон орон нутгийн сонгууль болоход долоо хоног үлдлээ. Энэ удаагийн сонгуульд  2 сая 4048 сонгогч санал өгөх бөгөөд 76 тойрог, 1998 хэсгийн хороо бүртгэгджээ.

Санал өгөх эрхтэй иргэн нь: Арван найман нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий Монгол Улсын иргэнийг бүртгэнэ.

ӨӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

  • http://www.burtgel.mn цахим хуудсанд хандаж, регистрийн дугаараар хайлт хийж, сонгогчийн нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн эсэхээ шалгах боломжтойгоос гадна харьяалах сонгуулийн тойрог, хэсэг, санал авах байрны мэдээллийг харах боломжтой.

ӨӨРИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ МЭДЭЭЛЛИЙГ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ШАЛГАЖ, ӨМНӨӨС НЬ ГОМДОЛ ГАРГАЖ БОЛОХ УУ?

  • Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн бол өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

ЯМАР ИРГЭД САНАЛ ӨГӨХГҮЙ ВЭ?

  • Эрх зүйн чадамжгүй бөгөөд хорих ангид ял эдэлж байгаа, оршин суугаа хаягийн бүртгэлгүй иргэд санал өгөхгүй

СОНГУУЛИЙН НЭРИЙН ЖАГСААЛТАД "ТҮР ХАСАВ" ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙСЭН ШАЛТГААН АРИЛВАЛ САНАЛ ӨГЧ БОЛОХ УУ?

  • “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгож, тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээнэ.

“Түр хасав” тэмдэглэгээг:

Сонгуулийн тухай хуулийн 61.9 заалтыг үндэслэнэ. Эрх зүйн чадамжгүй, хорих газар ял эдэлж байгаа болон 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон сонгогчийн нэрийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасахгүй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн арын “Тайлбар” гэсэн хэсэгт “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээг хийнэ.

Сонгуулийн тухай хуулийн 64.4.заалтыг үндэслэнэ. Санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн санал авах байранд мэдэгдэнэ.

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ УЛС ТӨРИЙН НАМУУДАД ӨГЧ БОЛОХ УУ?

  • Болно. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, хамтарсан намуудыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг зөвхөн цахим хэлбэрээр нэг удаа олгоно.

ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХАСАЛТ ХИЙЛГЭСЭН Ч ШИНЭ ХАЯГ ДЭЭРЭЭ БҮРТГҮҮЛЖ ЧАДААГҮЙ БОЛ ХУУЧИН ХАЯГААР САНАЛАА ӨГЧ БОЛОХ УУ?

  • Санал өгч болохгүй. “Сонгуулийн тухай хууль”ийн 65.1 дэх хэсэгт “Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө” гэж заасан тул байнга оршин суугаа газраасаа хасалтаа хийлгэсэн иргэн хуучин хаягаараа саналаа өгөх боломжгүй.

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ЛАВЛАГААГААР САНАЛ ӨГЧ БОЛОХ УУ?

  • Иргэний үнэмлэхийн лавлагаагаар санал өгөх боломжтой.

ЦАХИМ ҮНЭМЛЭХГҮЙ ИРГЭН САНАЛ ӨГЧ БОЛОХ УУ?

  • Санал өгөхөөр санал авах байранд ирсэн сонгогч санал авах байранд ажиллах улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд гарын хурууны хээг шалгуулах ба сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.Гарын хурууны хээ шалгах автомат төхөөрөмж ажиллахгүй буюу ажиллах боломжгүй болсон, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн тухайд иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж сонгогчийн бүртгэлийн хуудас олгож болно.

ГАДААД УЛС ОРОНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГААД САНАЛ АВАХ ӨДӨР ИРВЭЛ ТУХАЙН ӨДӨР САНАЛАА ШУУД ӨГЧ БОЛОХ УУ?

  • Болно. Санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспортыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь түр хасав тэмдэглэгээг хүчингүй болгох тул иргэн санал өгөх эрхтэй.

ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ЯМАР ХУГАЦААНД ЗОГСОХ ВЭ?

  • Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд түр зогсоосон. Өөрөөр хэлбэл 6 дугаар сарын 30-ны өдрөөс иргэний шилжилт хөдөлгөөн нээгдэнэ. Харин “царцааны нүүдэл” гэгдэж байгаа сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 14 хоногийн өмнө зогсооно. Тухайн сонгогч өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙЛГЭЖ ОРШИН СУУХ ХАЯГ ӨӨРЧЛӨГДСӨН. ГЭТЭЛ МИНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХ ХУУЧИН ХАЯГААРАА БАЙГАА. ЭНЭ ТОХИОЛДОЛД ХААНА САНАЛ ӨГӨХ ВЭ?

  • Шилжин ирсэн хаягаараа өгнө. Заавал иргэний үнэмлэхээ солиулах шаардлагагүй. Шилжин ирсэн хаягаар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх бөгөөд http://www.burtgel.mn/ цахим хуудаст хандан санал авах байрны талаарх мэдээллийг авах боломжтой.

САНАЛ ӨГӨХ БАЙРАНД ОЧИЖ САНАЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ ИРГЭН ХЭРХЭН ЯАЖ САНАЛАА ӨГӨХ ВЭ?

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, “Дайчилгааны тухай хууль”-д заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон, санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар нь Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх боломжтой. Гэхдээ Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд санал өгнө.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж