УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойрог/Баянхонгор аймаг/-т Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өчигдөр /2016.06.20/ Баянхонгор аймгийн Шаргалжуут баг, Өлзийт сумын 2 дугаар багийн иргэдтэй уулзалт хийлээ.
Иргэд, сонгогчид УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатыг тойрогтоо хамгийн олон удаа ажилласан, сонгогчдынхоо санал бодлыг бодит ажил болгосон түшээ хэмээн үнэлж байна. Баянхонгор аймгийн хэмжээнд өнгөрсөн дөрвөн жил бүтээн байгуулалтын ажил ид өрнөсөн он жилүүд болж өнгөрсөн нь УИХ-д төлөөлөн ажилласан гишүүдийнх нь санал, санаачилга, мөн Ардчилсан нам эрх баригч хүчин байсантай холбон тайлбарлаж буй сонгогчид олон байна.
Энэ хугацаанд Баянхонгор аймагт “Шинэ сум” төсөл анхлан хэрэгжсэн нь Монголын 330 гаруй сумыг дээрх жишгээр хөгжүүлэх боломжтойг харуулсан бодит жишээ болсныг сонгогчид мөн хэлж байлаа. Ингэхдээ тэд ирэх дөрвөн жилд орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэхээр бодлогод тусгав гэдгийг тодруулсан.
Эл асуултад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 800 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй болгоно. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, батлан даалтад хамрагдах бололцоог өргөтгөх хүрээнд батлан даалтыг 2 тэрбум төгрөг хүртэл, эргэн төлөлтийг 5 жил болгоно. Мал аж ахуй, фермерийн бүс нутаг, аймгуудыг түшиглэн хуурай сүү боловсруулах үйлдвэр, аймгуудад цөцгийн тос болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг бодлогоор дэмжихээр мөрийн хөтөлбөрт тусгасан.
Шинээр бизнесээ эхэлж буй иргэнд зориулан гарааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлнэ. Бодлогын хүрээнд зээлийн батлан даалтын сангаар дамжуулж урт хугацаатай, бага хүүтэй үйлдвэрийн хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болгоно. Нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 15 хувьд хүргэж, арьс шир, ноос ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэх зорилт тавьсан. Орон нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахаар мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ бүхэнд малчид та бүхний оролцоо чухал байгаа шүү” гэж тайлбарласан юм.
Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Ганбатын сонгуулийн штаб